Энэ долоо хоногийн турш үргэлжлэх “Уул уурхайн долоо хоног”-ийн эргэн тойрон дахь халуун сэдвүүдийн нэг нь “Хариуцлагатай уул уурхай”. Үүний нөгөө талд “Хариуцлагагүй уул уурхай” гэсэн том асуудал яригдана.
2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар ашигт малтмалын 2,564 тусгай зөвшөөрлийг 6 сая га газарт олгосон гэсэн Ашигт малтмал, гарын тосны газар(АМГТГ)-ын статистик байна. Энэ бол Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 3.9%-тай дүйх хэмжээ. 2005 онтой харьцуулахад ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тоо 2.5 дахин, нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 11.5 дахин буурчээ. Улмаар 2018 оноос хайгуулын зөвшөөрөл эрс буурч, 10 хуруунаас дээш тоологдохоо больсон бол эсрэгээрээ олгосон байсан хайгуулын талбайгаа буцааж авсан тохиолдол нь зонхилж байна. Уул уурхайн салбарын хөгжих боломж хумигдсан гээд товчлоход болно.
Зураг. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл (2022 оны есдүгээр сарын 1-ний байдлаар)
Ийнхүү Монгол Улсын нийт газар нутгийн 4 хүрэхгүй хувьд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа бол орон нутгийн тусгай хэрэгцээнд 21.5%, Засгийн газрын нөөцөд 4.3% гэхчлэн 70 орчим хувь нь ямар нэгэн байдлаар геологийн хайгуул, судалгаа хийх боломжгүй нөхцөлд байгааг АМГТГ-ын статистик харуулж байна.
Үндсэндээ Монгол Улсын газар нутаг дээрх ашигт малтмалын талбайн нөхцөл байдлыг харвал доорх дүр зурагтай байна.
График. Монгол Улсын нутаг дэвсгэр дэх ашигт малтмалын талбайн ашиглалт
Энэ нөхцөл байдал нь “Хариуцлагагүй уул уурхай”-аас үүдэлтэй орон нутгийн иргэдийн эсэргүүцлийн үр дүн. Сүүлийн хоёр жилд л гэхэд байгаль орчны зөрчил хэмээн үзсэн олон нийтийн санаачилгаар нөхөн сэргээлт хийгээгүй 48 талбайн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх АМГТГ-ын Хайгуул, ашиглалтын газрын дарга С.Энхболдын танилцуулсан тоо үүнийг нотолно. Иргэдийн эсэргүүцэл өнөөдөр ч намжаагүй хэвээр байгаа билээ. Гол шалтгаан нь иргэд мэдээллийг албан ёсны, мэргэжлийн эх сурвалжаас биш, олон нийтийн сүлжээнээс, голдуу буруу ташаа мэдээлэл авч байгаа буюу мэдлэг, мэдээллийн зөрүүтэй байдал бий болсонтой холбоотойг “Уул уурхайн эсрэгцэл” хэлэлцүүлэгт оролцсон албаны хүмүүс ч, компаниудын төлөөлөл ч хэлж байсан бол үг хэлсэн иргэдийн төлөөллийн байр сууриас нь энэ үндэслэл харагдаж байв. Мөн хийх зүйл маш их байгааг ч оролцогчид илэрхийллээ.
“Mining week”-ийн хоёр дахь өдөр “Хариуцлагатай уул уурхай ба орон нутгийн харилцаа” хурлыг АМГТГ, Уул уурхайн ассоциац, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл зохион байгуулсан. Уг хуралд уул уурхайн салбарын оролцогч талуудын байр суурийг сонсох нь чухал байв. Тиймээс ч дан ганц компаниуд, төрийн байгууллагууд оролцоогүй, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн малчин иргэд ч оролцож байр сууриа илэрхийлсэн нь онцлог байлаа.
Энэ нь уул уурхайн салбарт тулгамдаж буй орон нутгийн эсэргүүцэл, компани, орон нутгийн иргэд, засаг захиргаа хооронд ойлголцлыг ойртуулахад ач холбогдолтой юм байна хэмээн оролцогчид хэлж байв.
“Уул уурхайн эсрэгцэл” хэлэлцүүлэгт оролцогчдын зарим эшлэлээс хүргэе.
Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин С.Энхбаяр:
Экологийн цагдаагийн албаны дэд дарга, цагдаагийн хурандаа Т.Баатар:
График. Жилд гарч буй байгаль орчны эсрэг гэмт хэргийн үзүүлэлт
Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан:
Монголын Уул уурхайн ассоциацын гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Монголын уул уурхайн үндэсний ассоциацын санаачилгаар 2019 оны зургаадугаар сарын 20-ны өдөр “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг” боловсруулсан бөгөөд анх найман компани орж байсан бол одоо 16 компани нэгдээд байна. Мөн 10-аад компани нэгдэхээ илэрхийлээд байна” гэдгийг дуулгасан.
“Олон улсын хөрөнгө оруулалттай компаниуд уул уурхайг хариуцлагатай явуулж байгаа бол дотоодын компаниуд хариуцлагагүй ажиллаж байгаа нь уул уурхайн салбарыг муухай харагдуулж байна” хэмээн Хил хязгааргүй алхам ТББ-ын тэргүүн Н.Баярсайхан хэлсэн. Түүний хэлсэнчлэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоод уран олборлох үйлдвэрлэлийн туршилтаа эхлүүлээд буй “Бадрах энержи”, Баянхонгор аймгийн Баянхөндийд алтны төсөл хэрэгжүүлж байгаа "Эрдэнэ Ресурс девелопмент" компанийн танилцуулгаас уул уурхайг хууль журам, стандартын дагуу хэрэгжүүлж, орон нутагтай хамтран ажиллаж, хариуцлагатай үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулгаас нь харж болно. Дотоодын компаниудад ч мөн хариуцлагатай ажиллаж болж байгааг “Аум алт” компани үйл ажиллагаа, нөхөн сэргээлтээрээ үлгэрлэж байна.
Энэхүү хэлэлцүүлэгтэй залгаад үргэлжилсэн “Орон нутгийн харилцаа” мөн л орхиж болохгүй сэдэв бөгөөд дээрх асуудал ч холбогдож байгаа юм. “Майнинг Инсайт” сэтгүүлийн тоймч С.Болд-Эрдэнийн хэлсэнчлэн уул уурхайн төслүүд нийгмийн лицензийг авах нь чухал болох тухай сүүлийн 10-аад жил ярьж байгаа ч шийдэлгүй хэвээр байна. Ойлголцох, зөвшилцөх, мэдээлэлжүүлэх хэрэгтэй байгааг тэрбээр онцолсон юм. Орон нутгийн харилцаанд энэ бүхэн хамгийн чухал болохыг Австралийн Куйнсландын их сургуулийн Тогтвортой уул уурхайн институтийн Хариуцлагатай уул уурхайн төвийн ахлах менежер Сара Макэнзи мөн илтгэлдээ дурдаж байв.
Орон нутгийн иргэд буруу ташаа мэдээлэл авсны улмаас эсэргүүцдэг ч иргэн, баг бүртэй тулж уулзаад, төслөө анхнаас нь зөв танилцуулаад, бодит мэдээллээр хангавал ойлголцож болж байгаа гэдгийг Баянхонгор аймагт алтны төсөл хэрэгжүүлж байгаа, Монголын хөрөнгийн биржид анх удаа давхар бүртгэлтэй болсон "Эрдэнэ Ресурс девелопмент" корпорацын төсөл хариуцсан дэд ерөнхийлөгч Жон М.Лёнс хэлээд “Хамгийн тулгамдаж байгаа асуудал бол үнэн зөв мэдээлэл. Худал мэдээлэл тараах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн тул үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн хууль эрх зүйн уялдаа, байгаль орчны нөлөөллийн талаарх иргэдийн ойлголт болон бодит байдал хэт зөрүүтэй байгаа явдал. Сүүлийн хоёр жилд иргэдтэй уулзаад, ажлын байраар хангаад сургалтад хамруулахад ойлголт огт өөр болж байгааг харсан тул олон нийтийн зөвшилцлийг бий болгох боломжтой гэж харж байна” гэсэн юм.
Харин "Сноу Хилл консалтанси" хуулийн фирмийн өмгөөлөгч Э.Билэгсайхан “Ашигт малтмал олборлох боломжтой гээд төр лицензээ өгсөн бол тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн эрхийг яаж хамгаалах, иргэдийг яаж зөв, үнэн бодит мэдээллээр хангахаа хариуцах ёстой” гэсэн чухал байр суурийг илэрхийлэв.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, "Оюу толгой" компани санаачлан анх удаа зохион байгуулж байгаа “Mining week” арга хэмжээ олны анхаарал татаж байгаа нь өдрийн турш гурван танхимд зэрэг явагдаж буй хэлэлцүүлэг бүр дүүрэн хүнтэй байгаагаас харагдана. Ялангуяа, хамгийн халуун сэдэв болох хариуцлагатай уул уурхайн талаарх “Уул уурхайн эсрэгцэл” хэлэлцүүлэг цаг сунаж, 19:00 цаг өнгөрөөсөн ч танхим дүүрэн оролцогчтой хэвээр хурал өндөрлөсөн юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
|