Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикийн засгийн газрын баривчилгааг эсэргүүцсэн хар тамхины картелууд хүчирхийллийн давлагаа эхлүүлжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Энэ долоо хоногт Мексикийн хар тамхины хоёр том картелын боссууд уулзах сургаар эрх баригчид тэднийг баривчлах цэргийн ажиллагааг тус улсын баруун хязгаарт явуулж эхэлсэн юм.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ Халиско мужид болсон ажиллагааны үеэр армийнхан болон гэмт этгээдүүдийн хооронд буудалцаан болсныг мэдээлж байв.

Энэ үеэр зарим этгээдийг баривчилж чадсан байна.

Гэтэл засгийн газрын баривчлах ажиллагааг эсэргүүцсэн картелын гишүүд Мексикийн баруун хязгаарын Халиско, Гуанахуато мужуудын нутаг дэвсгэрт хорлон сүйтгэх хариу ажиллагаа явуулж эхэлжээ.

Энэ үеэр тэд хорь гаруй дэлгүүр, олон арван автомашиныг галдан шатаасан байна. Мөн хотуудын гол зам талбайг хаан хориглолт байгуулжээ.

Халиско мужийн төв Гуадалахара хотын зарим хэсэгт хууль хүчнийхэн болон картелын гишүүдийн хооронд ширүүн буудалцаан болж байна. Тус хот дахь АНУ-ын консулын газар ажилтнуудаа нөхцөл байдлыг тогтворжтол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

Мексикийн хамгийн том ус, ундаа үйлдвэрлэгч Femsa компанийн эзэмшдэг Oxxo хүнсний дэлгүүрийн сүлжээний Гуанахуато муж дахь 25 салбар бүрэн болон хагас шатсан тухай тус компанийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Халиско мужид үйл ажиллагаа явуулдаг Халискогийн Шинэ Үеийнхэн картелын босс Немесио Осегуэра нь АНУ болон Мексикийн эрх баригчдын эрэн сурвалжилж буй аюултай гэмт хэрэгтэн юм.

Тус картел Мексикийн хар тамхины өөр нэг томоохон бүлэглэл болох Синалоагийн картелтай зах зээлийн төлөө ширүүн өрсөлддөг. Тэдний хоорондын цуст мөргөлдөөн Мексикийн хамгийн тайван бус бүс нутаг гэгддэг Халиско, Гуанахуато мужуудын нутаг дэвсгэрт өрнөдөг байна.

 

Эх сурвалж: Aljazeera