Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ижил үнэртэй хүмүүс хоорондоо найзалж, нөхөрлөдөг байж болзошгүйг судлаачид тогтоожээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Биеийн үнэр нь ижил төстэй хүмүүс хоорондоо найзлах магадлал өндөр байдгийг Израилын судлаачид туршилтаар батлан харуулжээ.

Тэдний судалгааны тайлан өчигдөр “Science Advances” сэтгүүлд нийтлэгдсэн юм.

“Хүнээс бусад хуурай газрын бүх хөхтөн амьтад бие биеэ үнэрлэх замаар найз нөхөр эсвэл дайсан бололцохоо шийддэг” гэж Израилын Вэйцманы Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн судлаачдын ахлагч Инбал Равреби бичжээ.

Хүмүүсийн хувьд ч байгалиас заяасан энэхүү төрөлх чанар хадгалагддаг байж болзошгүй гэж судлаачид үзсэн байна.

Үүнийг батлахын тулд тэд анхны харцаар найзлах хүсэл төрснөө хэлсэн ижил хүйсний, романтик бус харилцаатай хосуудыг судалгаандаа ашиглажээ.

Ингээд тал нь эрэгтэй, тал нь эмэгтэй, 22-39 насны 20 хосыг элдэв үнэрийн эх үүсвэрээс тусгаарласан орчинд хэсэг хугацаанд байлгаж, тэдгээрт тусгайлан өмсүүлсэн цамцанд шингэсэн биеийн үнэрийг нь “цахим хамар” гэх төхөөрөмжөөр хэмжсэн байна.

Эцэст нь найзуудын үнэр хоорондоо төстэй байсан бол найз биш хүмүүсийнх өөр өөр байсныг энэ туршилт баталжээ.

Төхөөрөмжийн найдвартай байдлыг шалгахын тулд өөр хүмүүсээр туршилтад оролцогсдын цамцыг үнэрлүүлэн давхар шалгасан байна.

Ингэхэд үр дүн нь мөн ижил гарчээ.

Бас хоорондоо удаан найзалсан хүмүүсийн амьдралын хэв маяг, хоол хүнс төстэй байдгаас үнэр нь ижил болсон байж болзошгүй гэж үзээд бас нэг туршилтыг явуулсан байна.

Ингэхдээ судлаачид бие биеэ таньдаггүй хосууд харилцан нэгэндээ таалагдах эсэхийг үнэрээр нь урьдчилж таахыг оролджээ. Ингэхэд хоорондоо таарах хосуудыг 77 хувь, таарахгүй хосуудыг 68 хувийн магадлалтай таасан байна.

“Туршилтын үр дүнгээс харвал бид хуурай газрын бусад хөхтөн амьтдын нэгэн адил арга замаар бусдыг үнэлдэг байж болзошгүй юм” гэж Израилын судлаачид тайландаа бичжээ.

 

Эх сурвалж: AFP