Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Замын хөдөлгөөний түгжрэлийг зөвхөн математик аргаар шийдэж болно“ гэж Израилын компани үзэж байна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Израил улс дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын дотор замын хөдөлгөөний түгжрэлээр тэргүүлэгчдийн нэг юм.

Саяхан тус улсын Тель-Авив хотод болсон EcoMotion үзэсгэлэнд тээврийн салбарыг ухаалаг, ногоон болгох чиглэлд ажилладаг технологийн компаниуд шийдлүүдээ танилцуулжээ.

Энэ үеэр Израилын ITC (Intelligent Traffic Control) компани замын хөдөлгөөний зохицуулалтыг хиймэл оюуны технологиор удирдах шийдлээ үзүүлсэн байна.

Уг шийдэл нь замын хөдөлгөөнийг бодит цагийн горимд камераар хянасны үндсэн дээр зохицуулалтын гэрлэн дохиог хамгийн оновчтой хувилбараар удирддаг ажээ.

“ITC компани ихэнх замын түгжрэлээс математик аргыг ашиглан урьдчилан сэргийлж болохыг батлан харууллаа” гэж тус компанийн үүсгэн байгуулагчдын нэг, технологи хариуцсан дэд захирал Двир Кениг ярьсан байна.

ITC-ийн шийдлийг хоёр замын уулзвар дээр нэвтрүүлэн туршихад түгжрэл нь 30 хувиар буурсныг тэр мэдээлжээ.

Тус компанийн тооцоолсноор өнөөдөр жолооч бүр жилд дунджаар гурван өдрийг түгжрэлд зогсож өнгөрүүлдэг ба ингэхдээ асар их хүлэмжийн хийг агаар мандалд ялгаруулдаг гэнэ.

Израил улсад өнөөдөр автомашин, замын хөдөлгөөний салбарт 600 гаруй стартап компани ажиллаж байгаа нь дэлхий дээр зөвхөн Цахиурын хөндийн дараа орох үзүүлэлт болжээ.

“Автомашины салбарын ирээдүй үүлэн технологи, гар утас оролцуулсан нээлттэй платформыг бий болгох чиглэлд хөгжиж байгаа. Инновац, бүтээлч сэтгэлгээнд суурилсан энэ салбарт өнөөдөр Израил улс тэргүүлж байна” гэж EcoMotion үзэсгэлэнд оролцсон АНУ-ын General Motors компанийн Израил дахь төлөөлөгч Гил Голан ярьсан байна.

Технологийн салбар Израил улсын нийт экспортын тал хувийг эзэлж, нийт ажлын байрын 10 хувийг бүрдүүлдэг юм.

 

Эх сурвалж: AFP