Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинаар туслах АНУ-ын саналд Умард Солонгос хариу өгөөгүйг Байден хэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2022 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Зүүн Азийн орнуудаар айлчилж байгаа АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден цар тахалтай тэмцэхэд туслах саналд нь Умард Солонгосын дэглэм ямар нэг хариу өгөөгүй тухай ярьжээ.

Тэрбээр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлтой хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ “Бид зөвхөн Умард Солонгост биш, бас Хятад улсад вакцинаар туслах санал тавьсан ч ямар нэг хариу хүлээж аваагүй байна” гэсэн юм.

Дэлхийн улс орнуудаас хоёр жил орчим хугацаагаар сүүлдэж эхэлсэн цар тахлын улмаас Умард Солонгосын дэглэм ноцтой хямралтай тулгараад байгаа. Сүүлийн үеийн мэдээллээр 26 сая хүн амтай тус улсад 2.5 сая хүнээс халдварын шинж тэмдэг илэрсэн байна.

Гэхдээ бодит тоо үүнээс хэд дахин өндөр байх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байгаа.

Пёньяны эрх баригчид өмнө нь олон улсын COVAX хөтөлбөрийн зүгээс вакцин нийлүүлэх санал тавьсныг хүлээж аваагүй юм.

Өмнөд Солонгосын засгийн газар мөн тусламж үзүүлэх санал тавихад татгалзсан хариу өгсөн байна.

Хоолойгоо давстай усаар зайлах, халуун цай уух зэрэг эмчилгээний аргуудыг Умард Солонгосын төв телевизээр иргэдэд зөвлөж байгаагаас харвал тус улс вакцин, эм, эмнэлгийн хэрэгслийн хомстолд орсон нь тодорхой болжээ.

Халдварын сэжигтэй тохиолдлуудыг илрүүлж, тусгаарлах ажилд Умард Солонгосын армийн цэргүүдийг дайчилсан тухай мэдээ Пёньянаас ирж байна.

 

Эх сурвалж: BBC