Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэрэглэгчдийнх нь хэдэн хувь “хүн биш” болохыг мэдэх хүртлээ Твиттерийн наймааг зогсоож байгааг Илон Маск мэдэгджээ

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск өнгөрсөн сард Твиттер платформыг $44 тэрбумаар худалдаж авах санал тавьж, наймаалцах яриа хэлэлцээг хөрөнгө оруулагчидтай нь эхлүүлсэн билээ.

Гэвч тэр өчигдөр уг платформын хэрэглэгчдийн хэдэн хувь нь “хүн биш” буюу бот болохыг мэдэх хүртэл яриа хэлэлцээг түр зогсоох болсноо зарлажээ.

Твиттер компанийн гүйцэтгэх захирал Параг Агравал өмнө нь тус платформ өдөр бүр хагас сая гаруй хуурамч хэрэглэгчийг илрүүлж устгадаг тухайгаа мэдээлсэн юм.

Твиттерийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн 5 хүрэхгүй хувь бот буюу программ байдаг тухай тэр бас бичжээ.

Гэхдээ Агравал уг тоог яаж тооцоолж гаргасан аргаа нийтэд дэлгэрэнгүй тайлбарлахаас татгалзсан байна.

Хариуд нь Маск “Өчигдөр Твиттерийн гүйцэтгэх захирал <5 хувийн нотолгоогоо нийтэд дэлгэхээс татгалзлаа. Түүнийг зөвшөөрөх хүртэл наймаа түр зогсож байна” гэж твиттер хуудсандаа бичжээ.

“Төлсөн мөнгөнийхөө оронд юу авч байгаагаа сурталчилгаа явуулагчид яаж мэдэх вэ? Энэ бол Твиттерийн санхүүг эрүүл байлгах суурь нөхцөл юм” гэж Маск цааш нь бичсэн байна.

Зарим ажиглагчид түүнийг Твиттерийн хуурамч хэрэглэгчийн тоог өсгөх замаар худалдаж авах үнээ бууруулахыг хичээж байж болзошгүй гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж: AFP