Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийн алдагдал өмнөх сараас 87 хувиар буурсан байна"

Б.Билгүүн, iKon.mn
2022 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн энэ оны эхний дөрвөн сарын статистик үзүүлэлтүүдийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. 

Энэ үеэр улсын нэгдсэн төсвийн нийт орлого өмнөх оны мөн үеэс 8.6 хувиар өссөнийг онцоллоо. 

Тодруулбал, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 5.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 417.9 (8.6%) тэрбум төгрөг, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 371.3 (8.4%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн аж. 

График. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, зарлага, тэнцэл жил бүрийн эхний дөрвөн сарын байдлаар, тэрбум төгрөг

зураг
 

Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний дөрвөн сарын байдлаар 5.1 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 292.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Харин төсвийн алдагдал өмнөх сараас 86.9 хувиар буурчээ. 

ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд "Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 148.5 (13.5%) тэрбум төгрөгөөр өссөн бол нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.6 (7.3%) тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Улсын нэгдсэн төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 8.5 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогынх 5.5 нэгж хувиар тус тус өсжээ. Харин татварын бус орлого 8.7 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.3 нэгж хувиар буурсан байгаа. 

Татварын нийт орлого оны эхний дөрвөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 770.5 (20.4%) тэрбум төгрөгөөр өссөн. Үүнд,

  • Татварын орлого 404.5 (2.2 дахин) тэрбум төгрөг
  • нэмэгдсэн өртгийн албан татвар 280 (35.8%) тэрбум төгрөг
  • нийгмийн даатгалын орлого 244.3 (39.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн" гэв. 

Түүнчлэн улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний дөрвөн сард 5.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 173.2 (3.5%) тэрбум төгрөгөөр өссөн байна.