Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Мариуполийн Азовсталь үйлдвэр дээр “суман мөндөр” бууж буйг дүрс бичлэг харуулжээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Мариуполь хотын Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийн цогцолбор Оросын түрэмгийллийг эсэргүүцэгч Украины цэргүүдийн сүүлчийн түшиц газар болоод байгаа билээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский үйлдвэрт байгаа шархадсан цэргүүдийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар Оросын талтай “маш хэцүү” яриа хэлэлцээ хийж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэгвэл уг үйлдвэрийн дээрээс хурц гэрэлтэй тэсрэх бөмбөгнүүд бороо мэт асгарч буйг харуулсан дүрс бичлэг өчигдөр сошиал сүлжээнд таржээ.

Дүрс бичлэгийг Донецкийн салан тусгаарлагчдын командлагч Александр Ходаковский өчигдөр Телеграм хуудсандаа анх нийтэлсэн юм.

“Хэрвээ энэ юу болох, ямар зорилготой зүйл болохыг хэлж мэдэхгүй бол ядаж ямар гоёмсог харагдаж буйг нь хүлээн зөвшөөр” гэсэн утгатай тайлбарыг тэр бичжээ.

Одоогоор энэ ямар төрлийн зэвсэг болох, хэн хэрэглэсэн зэрэг нь тодорхойгүй байна.

Их Британийн цэргийн мэргэжилтнүүд үүнийг фосфорын зэвсэг, эсвэл ямар нэг шатаагч бөмбөг байх гэж дүгнэжээ.

Байшин барилга, газар доорх хонгилуудыг галдан шатаах зорилгоор фосфорын бөмбөгийг ашигладаг байна. Олон улсын гэрээ хэлэлцээрээр ийм төрлийн зэвсгийг хориглодоггүй.

Гэхдээ хүний эрхийн байгууллагууд фосфорын зэвсгийг хориглохыг байнга шаарддаг юм. Фосфорын зэвсгийг Вьетнамын дайн, Иракийн дайнд АНУ хэрэглэж байсан бол ОХУ уг зэвсгийг Чеченийн дайнд хэрэглэж байжээ.

Сүүлд авсан мэдээллээр бол Азовстальд тулалдаж буй Украины цэргүүдийн 600 орчим нь шархадсанаас 40-ийн нь биеийн байдал хүнд байгаа гэнэ.

Үйлдвэрт нийтдээ 2,000 орчим цэрэг тулалдаж байгаа ба энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлж дууссан юм. Оросын зэвсэгт хүчин стратегийн ач холбогдолтой Мариуполь хотыг бүрэн эзлэхийн төлөө хоёр сар орчим хугацаанд ширүүн довтолж байна.

 

Эх сурвалж: The Guardian, Reuters