Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/03/25-НД НИЙТЛЭГДСЭН

Инстаграм хаагдсаны дараа Оросын зах зээлд Россграм нээгдэх гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2022 оны 3 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Украины хямралтай холбоотойгоор Инстаграм сошиал платформ ОХУ-ын зах зээлд хаагдсан билээ.

Тэгвэл энэ орон зайг нөхөхөөр Оросын мэргэжилтнүүд Инстаграмтай тун төстэй Россграм хэмээх аппликэйшнийг хөгжүүлжээ.

Гуравдугаар сарын 28-ны өдөр Россграмыг эхний ээлжинд хөрөнгө оруулагчид, ивээн тэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэнд зориулж танилцуулахаар болсон байна. Дараа нь энгийн хэрэглэгчдэд танилцуулах юм байна.

“Миний хамтрагч Кирилл Филимонов болон манай багийн хөгжүүлэгчид энэхүү боломжийг ашиглан өргөн хэрэглэгддэг сошиал сүлжээний Орос хувилбарыг эх орон нэгтнүүддээ нээх гэж байна” гэж Россграмыг үүсгэн байгуулагчдын нэг Александр Зобов өөрийн Вконтакте хуудсанд бичжээ.

Инстаграм нь Оросын зах зээлд өргөн тархсан сошиал үйлчилгээ байсан юм. Гэвч ОХУ-д мөрдөгдөж эхэлсэн хуулиар Meta компани (хуучнаар Фэйсбүүк) “экстремист байгууллага” ангилалд орсон тул тус компанийн үйлчилгээнүүд гуравдугаар сарын 14-нөөс эхлэн хаагдаж байв.

Өнгөрсөн долоо хоногт Оросын томоохон инфлүэнсерүүд олон сая дагагчтайгаа салах ёс гүйцэтгэсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider