Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсөвт тодотгол хийснээр шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны хөрөнгө оруулалтад эрсдэл гарахгүй"

ikon.mn
2022 оны 1 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Засгийн газраас 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулав.

Тэтгэвэр нэмэгдүүлэхдээ нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсөв хоорондын зохицуулалт хийх замаар улсын төсвийн зарлагыг бууруулах, мөн дүнгээр нийгмийн даатгалын тэтгэврийн сангийн төсвийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.  

Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн асуулт асууж, хариулт авав.

Тодруулбал, тэтгэвэр нэмэгдүүлэхийг дэмжиж буйгаа тэрбээр илэрхийлээд, шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөвтэй холбоотой өөрчлөлт төсвийн тодотголын төсөлд тусгагдсан эсэхийг лавлав.

Төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа аль нэг яам, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв, хөрөнгө оруулалтын арга хэмжээ, урсгал зардлаас тухайлан хасаагүй гэдгийг Б.Энх-Амгалан сайд хэллээ.

Нийтээр нь 4 тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй, урсгал зардлуудаас 10-15 хувь, 2022-2023 онд үргэлжлэн хэрэгжих өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын арга хэмжээнүүдийн санхүүжих дүнг жигд бууруулах зарчим баримталсан. Иймд шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагаа, төсөв, хөрөнгө оруулалтын асуудал дээр эрсдэл гарахгүй хэмээн үзэж байна гэлээ.

Ийнхүү гишүүд төслийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авсан, түүнчлэн төсөлтэй холбоотойгоор Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн.

 

Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг Инновац, цахим бодлогын  засгийн байнгын хороо ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс