Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тонгагийн галт уулын дэлбэрэлтийн утаа дэлхийгээс сансрын уудам хүртэлх замын талд хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 1 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Тонга арал улсын ойролцоо Номхон далайд дэлбэрсэн галт уулын утаа дэлхийгээс сансрын уудам хүртэлх замын талд хүрснийг Их Британийн эрдэмтэд судалж тогтоожээ.

Өөрөөр хэлбэл дэлхийн гадаргаас дээш 55 км-ийн өндөрт үзүүр нь хүрсэн байна.

Агаар мандал, сансрын уудам хоёрын хил гэгддэг Карманы шугам дэлхийн гадаргаас дээш 100 орчим километрийн өндөрт байдаг.

RAL Space байгууллагын судлаач, доктор Саймон Прод энэхүү өндрийг ямар ч галт уулын дэлбэрэлтийн үеэр ажиглагдаагүй хэмжээ гэж дүгнэжээ.

20 дугаар зууны хамгийн хүчтэй галт уулын дэлбэрэлт 1991 онд Пинатубо ууланд тохиоход утаа нь 40 орчим километрийн өндөрт хүрч байсан гэнэ.

 
Хиймэл дагуулаас агаар мандалд тархсан утаа харагдаж байгаа нь

Утааны өндрийг тогтоохдоо тойрог замын өөр өөр өндөрт ажиллаж байгаа АНУ-ын GOES-17, Японы Himawari-8, Өмнөд Солонгосын GK2A хиймэл дагуулуудаас авсан зургийг ашиглажээ.

Гэхдээ галт уулын утааны багахан хэсэг 55 км өндөрт хүрсэн бол мөөг хэлбэртэй үүлний үндсэн хэсэг нь 35 км өндөрт хүрсэн байна. Мөн 55 км-т хүрсэн хэсэг нь үнс нурам биш, усны уур байх өндөр магадлалтай гэж дүгнэжээ.

АНУ-ын сансар судлаачид Тонгагийн галт уулын дэлбэрэлтийн хүчийг 10 мегатонн TNT буюу дэлхийн хоёрдугаар дайны үед Японы Хирошимад хаясан атомын бөмбөгний хүчнээс 500 дахин их гэж тооцоолсон юм.

Ингэж хүчтэй дэлбэрэхэд усны мандлаас 150-250 метрийн гүн дэх галт уулын тогооноос олгойдсон хийгээр баялаг магма далайн устай нийлсэнтэй холбоотой гэж Шинэ Зеландын Окландын их сургуулийн профессор Шэйн Кронин тайлбарлажээ.

 

Филиппиний Пинатубо галт уул дэлбэрсний дараа агаар мандалд 15 сая тонн орчим хүхрийн давхар исэл цацагдсанаас дэлхийн агаарын дундаж температур хоёр жилийн турш хагас хэмээр буурсан гэдэг.

Өөрөөр хэлбэл агаарт цацагдсан бодисууд нарны гэрлийг буцаан ойлгож байснаас ийм үзэгдэл тохиолдож байжээ. Харин Тонгагийн галт уулын хувьд агаарт цацсан хүхрийн давхар ислийн хэмжээ нь үүнээс 30 гаруй дахин бага буюу хагас сая тонн хүрэхгүй хэмжээтэй байсан тул дэлхийн уур амьсгалд нөлөөлөхгүй гэж эрдэмтэд үзэж байна.

 

Эх сурвалж: BBC