Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/14-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн инфляц 40 жилийн дээд түвшинд хүрлээ

ikon.mn
2022 оны 1 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: BBC

АНУ-ын инфляц 2021 оны 12 дугаар сард 7% хүрсэн нь 1982 оноос хойших хамгийн өндөр буюу 40 жилийн дээд түвшинд хүрсэн үзүүлэлт болжээ. Үнийн өсөлт ийнхүү эрчимжихэд орон сууц, цахилгааны төлбөр, хуучин автомашин, түлш шатахууны үнэ голлон нөлөөлжээ. Тухайлбал түлш шатахууны үнэ жилийн өмнөхөөс 30% өссөн, ялангуяа бензиний үнэ дангаараа 50 орчим хувиар өссөн нь үнийн өсөлтөд хүчтэй нөлөө үзүүлэв.

2021 оны 2 дугаар хагасаас улс орнуудад үнийн өсөлт эрчимжиж эхэлсэн. АНУ-аас гадна Их Британи, БНСУ, Япон, ХБНГУ гээд томоохон эдийн засгуудад инфляцын түвшин төв банкных нь зорилтоос хэдийн даваад буй.

Улс орнуудад инфляцын түвшин өсөхөд доорх шалтгаанууд голлон нөлөөлж буй нийтлэг дүр зурагтай байна. Тухайлбал:

Шатахууны үнэ: 2020 онд -40 ам.доллар хүртлээ унаад байсан газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр тасралтгүй өссөөр брент төрлийн газрын тосны үнэ одоогоор баррель нь $84 хүрээд байна.

Хүнсний үнэ: Дэлхий дахинд хүнсний үнэ 30 орчим хувиар өсөөд буй. Хүнсний бүтээгдэхүүн нь инфляцын сагсанд багагүй хувийг эзэлдэг нь нийт инфляцад нөлөөлж буй.

Хилийн боомтууд дээрх гацаа: Цар тахлаас үүдсэн хөл хорионы улмаас хилийн боомтууд дээр бөөгнөрөл үүсэж, нийлүүлэлтийн сүлжээнд саатал учирсан нь үнийг өсгөх гол хүчин зүйл болов.

Монголын инфляц 13.4%

2021 оны 12 дугаар сарын байдлаар улсын жилийн инфляц 13.4% хүрснийг ҮСХ мэдээллээ. Үнийн өсөлтийн шалтгаан нь дэлхийн бусад орнуудынхтай ижил төсөөтэй байна. Өөрөөр хэлбэл дэлхий даяар өссөн шатахуун, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт Монголд ч өндөр байв.

Тухайлбал өнгөрсөн сард бараа бүтээгдэхүүний үнэ жилийн өмнөхөөс хэдэн хувиар өссөнийг задлаад харвал:

  • Шатахуун +47.5%
  • Хүнс +21%
  • Орон сууц +15.3%
  • Гэр ахуй +9.5%
  • Эм тариа +7.5% байжээ.

Үүнээс хүнсний бүтээгдэхүүнийг нарийвчлан харвал хүнсний ногооны үнэ 44.5%, махны үнэ 24.3%, тос, сүүн бүтээгдэхүүн, гурил будаа, чихэр шоколад зэрэг бусад хүнсний үнэ 11-36 хүртэлх хувиар өссөн байна.

 

Эх сурвалж: CNBC