Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: Иргэдийн амьдрал туйлдсаар байхад эрх баригчид 30 жилийн дараа сайхан амьдрах тухай л ярих юм

Т.Өлзийбаяр, iKon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Ардчилсан нам болон УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Иргэдийн амьжиргаа туйлын хүнд болж, бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан байхад эрх баригчид 30 жилийн дараа сайхан амьдрах тухай л ярих юм. Ойрын нэг, хоёр жилд иргэдийн амьдралыг дээшлүүлэх юм уу үгүй юу?  Хэдэн тэрбумаар нь авлига авсан хүмүүс хэдхэн саяар торгуулж байхад нийгмийн бусад хэсэгт хууль хамгийн чанга үйлчилж байна. Ийм л ялгавартай нийгэмд бид амьдарч байна.

Манай намд ямар нэгэн асуудал байхгүй. Нэг нам байгаа гэдэгт анхнаасаа би итгэсэн. Гэтэл хоёр нам мэт болгох үйлдлийг санаатайгаар зохион байгуулсан. Харин улсын дээд шүүх АН-ын үндэсний бодлогын хороог албан ёсных гэж үзжээ. 

Улсын дээд шүүх хэрээс хэтэрсэн байна. Намын бүртгэлийн асуудлыг 30 хоногийн дотор шийдэх ёстой. Гэвч тэд хуулиас давсан журам гаргаж байна. Энэ асуудлыг бид зөв горимд оруулахын төлөө тэмцэнэ" гэв. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Цар тахлын үеийг тоймлоод хэлбэл манай улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувь буюу асар өндөр зардал гаргасан.

Үүний цаана өр нэмэгдэж байгаа. Олон мянган ажлын байр алдагдаж, уул уурхайн төслүүдээ барьцаалан зээл авч, халамж тараан өдөр хоногийг аргацааж байна. Утгагүй шийдвэрүүдээс болж эдийн засгийн бодит байдал ямар байгааг та бүхэн харж байгаа.

Нөгөө талаас АН-ын асуудлыг олон нийт сонирхож байна. Арванхоёрдугаар сарын 20-нд улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болсон. Арванхоёрдугаар сарын 31-нд дээд шүүхийн тогтоолыг албан ёсоор бидэнд гардуулсан. АН-ын онц их хурлыг улсын дээд шүүх хүчин төгөлдөр гэж үзсэн. Энэ нь АН-ын төлөөллийн төв байгууллагыг хууль ёсных гэж үзэж буй хэрэг юм. АН-ын асуудал эцэслэн шийдэгдээгүй биш бөгөөд зөвхөн даргын асуудал шийдэгдээгүй байгаа.

Д.Ганбатыг АН-ын бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. УИХ-ын дэгийн тухай хуулиар бүлгийн даргын асуудлыг дотооддоо бүлгийн олонхоор шийддэг. Тиймээс АН-ын бүлгийн олонхын шийдвэрт хүндэтгэлтэй хандана гэж итгэж байна" гэлээ.