Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/01/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосоос Умард Солонгос руу хүн дүрвэсэн ховор тохиолдол илэрчээ

Т.Давааням, ikon.mn
2022 оны 1 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Хоёр Солонгосын өндөр харуул хамгаалалттай хилийн шугамыг өөрийнх нь иргэн давж зугтсан тухай Өмнөд Солонгосын батлан хамгаалах яам өчигдөр мэдээлжээ.

Хил зөрчсөн тухай дохиолол хүлээж авсан Өмнөд Солонгосын цэргүүд хэдэн цагийн турш самнаад дүрвэгчийг олж чадаагүйг бас мэдээлсэн байна.

Дүрвэгч амьд эсэх нь тодорхойгүй байгаа ч энэ талаар Умард Солонгосын талд мэдэгдэж, баригдвал хамгаалалтад авахыг хүссэн тухай Өмнөд Солонгосын зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлжээ.

Цар тахлын улмаас Умард Солонгосын арми хил зөрчигчдийг өчиггүй буудах тушаалтай байгаа гэсэн мэдээлэл бий.

2020 оны есдүгээр сард далайд сураггүй болсон Өмнөд Солонгосын загасны аж ахуйн албан хаагчийг Умардын цэргүүд буудан хороож, цогцсыг нь шатааж байв.

Уг хэрэг хоёр Солонгосын харилцааг муутгаж, сүүлд Пёньяны тал коронавирусийн халдвараас сэргийлэх арга хэмжээ авснаа тайлбарлан уучлал гуйж байсан юм.

Энэ явдлаас хоёр сарын өмнө Ким Жон Ун улс орондоо цар тахлын онц байдал зарлаж, хил зөрчсөн хүн бүрийг шууд буудах тушаал өгч байжээ.

Дүрвэгч Бямба гарагийн орой 21:20 цагийн үед хоёр Солонгосын хилийг давсан байна.

Умард Солонгосын талаас Өмнөд рүү дүрвэгчид нэвтрэх явдал түгээмэл гардаг бол эсрэг чиглэлд хил зөрчих явдал маш ховор гардаг юм.

 

Эх сурвалж: BBC