Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Прокуророос сүүлийн хагас жилд 47 хэргийг шүүхэд шилжүүлж, 38-ыг хаажээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 12 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгийг Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ оны гуравдугаар сард байгуулсан. 

Тус ажлын хэсгээс арванхоёрдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх  хугацаанд нийт 132 хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц байдалтай танилцаж хянан, шуурхай шийдвэрлүүлэх арга хэмжээ авч ажилласны үр дүнд 72.7 хувийг нь шийдвэрлүүлжээ. Тодруулбал, 47 хэргийг шүүхэд шилжүүлж, гэмт хэрэг үйлдэгдээгүй болох нь тогтоогдсон хэрэг бүртгэлтийн 38 хэргийг хааж, гурван хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн дийлэнх буюу 42.8 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг эзэлж байна. 

Хэрэгсэхгүй болгосон хэргийн тухайд нэг хэргийг гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдсон үндэслэлээр, хоёр хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар  шийдвэрлэжээ.

Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд эдгээр хэргүүдтэй холбоотой  ирүүлсэн 53 гомдол, хүсэлтийг хүлээн авч, 44 иргэнтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь сонссон байна.

Ажлын хэсгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэгдэж олны анхаарал татсан, хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийн ихэнх хэсгийг шийдвэрлэсэн гэж үзэж, үлдсэн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж гүйцэтгэн шийдвэрлүүлэхээр харьяа прокурорын газруудад хүргүүлжээ. 

 

 

Эх сурвалж: УЕПГ