Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/27-НД НИЙТЛЭГДСЭН

АНХААР: Архи, согтууруулах ундаа хэтрүүлснээс зургаа хоногийн хугацаанд зургаан хүн амиа алдсан байна

Г.Мөрөн, iKon.mn
2021 оны 12 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас 2021 оны арванхоёрдугаар сарын 20-26-ны хооронд хүн нас барсан 70 тохиолдолд "Хэргийн газрын үзлэг" хийжээ.

Урьдчилсан байдлаар осгож, хөлдөж нас барсан 9, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зургаан хүн амиа алдсан нь тогтоогдсон байна.

Хүний амь нас, эрүүл мэндээс чухал баяр, архи дарс гэж байхгүй, эрүүл мэндийн төлөө, нөхөрлөлийн төлөө, сайн сайхны төлөө, аз жаргал, амжилт, бүтээлийн төлөө гэж нэгнийгээ уруу татаж, архиар шахаж, уусангүй, намайг хүндэлсэнгүй гэж гомдож, тунирхаж, шөнө оройн цагаар нэгнийгээ хяналтгүй явуулж байгаа таны "........ төлөө" гэх уриа золгүй явдлаар төгсөж байгааг анхаарууллаа.

Шөнийн эргүүлийн алба хаагчид энэ сарын 25-26 шилжих шөнө үүрэг гүйцэтгэж, Баянгол, Багануур дүүргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан хоёр хүнийг олж тогтоожээ.

Мөн цагийн хязгаар зөрчсөн, 21 насанд хүрээгүй хүнд согтууруулах ундаа худалдсан, согтуугаар болон эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг 22 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан, гэр бүлдээ хүчирхийлэл үйлдэж болзошгүй зургаан хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэсэн бол 54 иргэнд зөвлөн тусалж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй 19 хүнийг ар гэр асран хамгаалагчид, түргэн тусламжийн 103-т долоон хүнийг тус тус хүлээлгэн өгчээ.

Хүйтний эрч чангарч, хүйтэрч байгаа үед шинэ жил тэмдэглэх нэрээр иргэд архидан согтуурч, хөлдөж осгох улмаар амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэл үүсэж байна!