Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Амралт зугаалгын төв Бали арал 2021 онд гадаадаас ердөө 45 жуулчин хүлээж авчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн аялал жуулчлалын томоохон төв гэгддэг Бали арал 2021 онд түүхэндээ байгаагүй цөөн тооны зочинтой байсныг Индонезын эрх баригчид мэдээлжээ.

Энэ оны эхний 10 сарын хугацаанд тус аралд гадаадаас ердөө 45 жуулчин очсон байна.

“Бид өмнө нь хэзээ ч ийм цөөн жуулчин хүлээж авч байгаагүй” гэж Бали мужийн аялал жуулчлалын салбарын тэргүүн Нёман Геде Гунадика CNN агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа ярьжээ.

Коронавирусийн цар тахлын улмаас Бали арал 2020 оны гуравдугаар сараас эхлэн гадаадын жуулчдыг хүлээж авахаа зогсоосон юм. Саяхан буюу энэ оны аравдугаар сард үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Гэвч нээгдсэн эхний сардаа хоёрхон жуулчин хүлээж авчээ.

2019 онд тус арал гадаадаас зургаан сая гаруй жуулчин хүлээж авч байжээ. 2020 оны ихэнх хугацаанд хаалттай байсан хэдий ч нэг сая жуулчин авч байв.

Бали арлын эдийн засгийн 80 орчим хувь аялал жуулчлалын салбараас хамааралтай байдаг. Гэтэл Индонез улсын цар тахлын нөхцөл байдал тус аралд жуулчин ирэхэд улам хэцүү болгоод байна.

Өмнө нь гадаадын жуулчид Индонезын визийг үнэ төлбөргүй авдаг байсан бол одоо $295 төлөх болоод байгаа. Үүнд олон удаагийн PCR шинжилгээ, эрүүл мэндийн даатгал, 10 хоног зочид буудалд тусгаарлагдах зардлууд багтаж байгаа юм.

Бали арлын аялал жуулчлалын газар одоо гадаадын жуулчдад нэмэлт $1,000-ын нөөц төсөвтэй ирэхийг анхааруулж байгаа гэнэ.

Цар тахлын дараа аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд Индонезын засгийн газар энэ онд $275 саяыг дэд бүтцийн 108 төсөлд зарцуулахаар төлөвлөж байжээ. Үүний үр дүнд Бали арал шиг хэд хэдэн амралт зугаалгын төв шинээр байгуулагдах юм.

 

Эх сурвалж: CNN