Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Батнэмэх: Их, дээд сургуулиуд хичээл, шалгалттай холбоотой асуудлыг дотоод журмаараа шийднэ

Б.Бадамгарав, IKon.mn
2021 оны 12 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Их, дээд сургуулиудыг арванхоёрдугаар сарын 13-наас эхлэн амраах шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Энэхүү шийдвэртэй холбоотой зарим зүйлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны ахлах шинжээч Г.Батнэмэхээс тодрууллаа.

- Их, дээд сургуулиуд маргааш хичээллээд амрахаар болж байна. Шалгалтуудыг хэрхэн зохион байгуулахаар байна вэ?

- Их, дээд сургуулийн хичээл сургалт, амралттай холбоотойгоор дөрвөн сайд буюу Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны, Эрүүл мэндийн болон Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал гарах гэж байгаа. Хараахан эцэслэгдээгүй байна.

Уг тушаалаар багш, ажилтан, оюутныг вакцинжуулалтад хамруулах арга хэмжээ авч, сургуулийн орчинд халдваргүйжүүлэлтийн нөхцөл бүрдүүлэн, 2021-2022 оны хичээлийн намрын улирлын амралт, хичээл сургалт, шалгалт, диплом хамгаалах зэргийг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулахыг их, дээд сургуулиудын удирдлагад даалгасан. Үүнд үндэслэн сургуулиуд хэлэлцээд, өөрсдийнхөөрөө шийдэх юм.

- БШУЯ-ны цахим хуудсанд өмнө нь нийтлэгдсэн мэдээллээр их, дээд сургуулиуд арванхоёрдугаар сарын 10-нд хичээллээд, танхимын сургалт хаагдаж, улирлын шалгалт эхэлнэ гэж байсан. Мөн танхимаар авах шаардлагатай шалгалтуудыг ирэх оны хоёрдугаар сард авна гэсэн байсан шүү дээ?

- Ийм асуудал яригдаж байсан. Гэвч сургуулиудын хичээл хэзээ дуусахаар байгааг судалж үзэхэд ихэнхийнх нь арванхоёрдугаар сарын 15-24-ний хооронд дуусахаар байгаа. Хичээл нь дууссанаас хойш 7-14 хоногийн хугацаанд шалгалтаа өгдөг.

Тэгэхээр сургуулиудын хичээл дуусаагүй байхад амрааж болохгүй болоод байгаа. Хэрвээ амраачихвал хөтөлбөрөө бүрэн гүйцэд судалж амжаагүй оюутнаас шалгалт авах боломжгүй. Оюутнууд бол 18-аас дээш насны буюу насанд хүрсэн иргэд тул өөрсдөө хариуцлага ухамсартай байж, вакцины нэмэлт тундаа хамрагдан, сургуулиуд өөрсдөө дотоод журмаараа хичээл сургалт, шалгалтаа зохицуулах шийдвэр гарч байгаа юм.

- Заавал танхимд судлах шаардлагатай хичээлүүдээ үргэлжлүүлэн орох боломжтой гэсэн үг үү?

- Тийм. Хөл хөдөлгөөнийг тодорхой хэмжээнд бууруулах шаардлага бий. Эдийн засаг, нийгэм, хүмүүнлэгийн чиглэлийн хичээлүүдийг цахимаар оруулж болно. Харин анагаах, инженер, технологи, химийн хичээлүүдийг танхимаар зохион байгуулах эрхийг их, дээд сургуулиудад бүрэн өгч байгаа.



Түүнчлэн их, дээд сургуулиудын амралттай холбоотой мэдээлэл цацагдсаны дараагаар Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд мөн амрах уу гэх асуудал гарсан юм. Энэ талаар ХЗДХЯ-наас тодруулахад "ХЗДХЯ-ны харьяа их дээд сургуулийн оюутнуудыг амраахгүй гэсэн шийдвэр гараагүй" гэлээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.