Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

Америк захирал нэг удаагийн Zoom хурлаар 900 ажилтнаа зэрэг халжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын моргэйжийн онлайн үйлчилгээний Better.com компанийн гүйцэтгэх захирал Вишал Гарг нэг удаагийн Zoom хурлаар 900 орчим ажилтнаа зэрэг халах шийдвэрийг зарлажээ.

“Хэрвээ чи энэ видео дуудлагыг хүлээж авсан бол ажлаас халагдах азгүйчүүдийн нэг болсон гэсэн үг” гэж тэр энэ үеэр хэлсэн байна.

Гаргийн видео хурлын бичлэгийг сүүлд сошиал сүлжээнд нийтэлжээ. Сошиал хэрэглэгчид түүний үйлдлийг хэтэрхий хатуу, хүйтэн, харгис хэмээн шүүмжилцгээсэн байна. Ялангуяа Зул сарын баяр ойртож буй энэ үед зохимжгүй үйлдэл гаргасанд хүмүүс дургүйцэж байгаагаа илэрхийлжээ.

Ажилтнуудын гүйцэтгэл, бүтээмж, зах зээлийн өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд тус компанийн ажиллах хүчний 15 хувийг цомхотгоход нөлөөлснийг Гарг тайлбарласан байна.

Better.com нь $6 тэрбумын зах зээлийн үнэлгээнд хүрсэн, Японы Softbank компанийн хөрөнгө оруулалттай бөгөөд орон сууц худалдаж авах үйл явцыг илүү хурдан, хялбар болгох чиглэлд ажилладаг юм.

Гаргийн удирдах арга барилыг хэвлэлүүд өмнө нь бас шүүмжилж байсан удаатай. Өнгөрсөн онд Форбс сэтгүүлд түүний нэг ажилтандаа бичсэн захидал нийтлэгдэж байжээ. Уг захидалдаа тэр тухайн ажилтныг удаан ажилласных нь төлөө элдвээр доромжилсон байв.

Их Британийн Ливерпүүлийн Жон Мурын Их сургуулийн бизнес судлалын багш Жемма Дэйл “Их Британид ажилтнуудыг бөөнөөр нь халах хууль бусад тооцогддог. Гэхдээ Америкт үүнийг зөвшөөрдөг гээд ингэж болно гэсэн үг биш. Ямар ч хүнд хэцүү нөхцөлд байсан үүнийгээ боловсон, хүнлэг замаар мэдэгдэх ёстой” гэж Гаргийн үйлдлийг шүүмжилжээ.

 

Эх сурвалж: BBC