Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох талаар бодох цаг ирснийг Европын Холбооны тэргүүн хэллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Коронавирус болон түүний Омикрон хувилбарын тархалттай тэмцэхийн тулд вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох талаар бодох цаг ирснийг Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн өчигдөр хэлжээ.

Халдварлах чадвар өндөртэй байж болзошгүй Омикрон хувилбарын тохиолдлууд сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхийн 20 гаруй оронд илэрсний дотор Европын Холбооны хэд хэдэн гишүүн орон багтаж байгаа.

Шинэ хувилбар тархахаас ч өмнө Европ тив дэлхийн цар тахлын гол төв болоод байсан юм.

Европын Холбооны хүн амын гуравны нэг нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа. “Бид иргэдээ хэрхэн бүрэн вакцинжуулалтад хамруулах вэ? Албадах уу? Энэ талаар ярилцах цаг болсон гэж би үзэж байна. Үүний тулд Европын Холбооны гишүүн орнууд байр сууриа нэгтгэх шаардлагатай” гэж Евро Коммиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен өчигдөр Брюссель хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.

Одоогоор тус блокийн зарим гишүүн орнууд хүн амын вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох арга хэмжээг тус тусдаа авч эхлээд байгаа.

Тухайлбал Австри улс ирэх хоёрдугаар сараас эхлэн иргэдээ албадан хамруулахаар болсон бол Грек улс нэгдүгээр сарын дундаас эхлэн 60-аас дээш насны иргэдийн вакцинжуулалтад хамрагдаагүй сар тутамд 100 еврогийн торгууль оноохоор болоод байна.

Германы шинэ канцлер болох Олаф Шольц хүн амыг албадан вакцинжуулах санааг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн юм. Тэрбээр ирэх гуравдугаар сараас вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох, нэмэлт тунд хамрагдах явцыг түргэсгэх төлөвлөгөөтэй байгаагаа Bild телевизийн ярилцлагад орохдоо мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: BBC