Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/29-НД НИЙТЛЭГДСЭН

Израиль улс Этиоп улсаас 3,000 жүүдийг дүрвүүлж авахаар болжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Иргэний дайны хөлд нэрвэгдсэн зүүн Африкийн Этиоп улсаас 3,000 жүүд гаралтай иргэнийг хүлээж авахаар болсноо Израилийн засгийн газар Ням гарагт мэдэгджээ.

Олон жилийн хугацаанд тус улс үндэс угсаа, шашин нэгт хүмүүсийг хэсэг хэсгээр татаж авсны үр дүнд одоо Израильд 140,000 орчим Этиопын жүүд оршин суудаг.

Харин Этиопт одоо 6,000 орчим жүүд үлдсэн гэсэн тооцоо бий. Хэдийгээр Африкийн энэ оронд олон мянган хүн өөрийгөө жүүд гаралтай гэж үзэж, Иудейн шашин шүтдэг ч Израиль улсын хуулиар тэднийг жүүд гэж тооцдоггүй юм.

Этиопчууд олон жил тэмцсэний эцэст 2015 онд үлдсэн бүх жүүдийг таван жилийн дотор татаж авах шийдвэрийг Израилийн засгийн газраар гаргуулж байв. Гэвч шийдвэрийн хэрэгжилт ахиц муутай байжээ.

Ням гарагт гаргасан шийдвэрийн дагуу эцэг, эх, үр хүүхэд, ах дүүс нь Израильд амьдардаг 3,000 жүүдийг хүлээж авахаар болсон байна.

Сүүлийн нэг жил гаруй хугацаанд Этиоп улсад иргэний дайн өрнөж, хэдэн арван мянган хүний амь үрэгдсэн нь тэнд амьдардаг жүүдүүдийг татаж авахад нөлөөлжээ.

Этиопоос иргэдийг татаж авах ажиллагаа хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Израиль дахь Этиопын жүүдүүдийн хөдөлгөөний тэргүүн Касав Шиферау “Нэг талаас засгийн газрын шийдвэр намайг баярлууллаа. Гурван мянган хүний мөрөөдөл биелж, төрөл төрөгсөдтэйгөө нэгдэх боломжтой боллоо. Гэхдээ нөгөө талаас энэ шийдвэр асуудлыг бүрэн шийдсэнгүй. Дахин хэдэн мянган хүн, зарим нь 25 жилийн турш дүрвэхээ хүлээж байгаа. Засгийн газар тэднийг бүгдийг татаж авна гэдэгт би найдаж байна” гэж ярьжээ.

 

Эх сурвалж: Associated Press