Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/25-НД НИЙТЛЭГДСЭН

Пентагон UFO-г судлах ажлын хэсгийг шинээр байгуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 11 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Пентагоны төв байр

АНУ-ын батлан хамгаалах яам “Үл таних нисдэг биет” буюу UFO-г судлах ажлын хэсгийг шинээр байгуулж буйгаа өчигдөр зарласан байна.

“The Airborne Object Identification and Management Synchronization Group” нэртэй уг ажлын хэсэг нь АНУ-ын агаарын бүсэд үл таних нисдэг биетүүдийг илрүүлэх, бүртгэх, судлах, болзошгүй эрсдэлийг нь үнэлэх үүрэгтэй байх гэнэ.

Ажлын хэсэг АНУ-ын армийн болон тагнуулын байгууллагын дээд удирдлагуудад шууд тайлагнадаг байх ажээ.

Пентагон энэ оны зургаадугаар сард UFO-гийн талаарх өмнөх судалгааны ажлынхаа нэгдсэн тайланг конгресст танилцуулж байсан юм. Гэхдээ үл таних нисдэг биетүүд яг юу болохыг тайлбарлаж чадаагүй бөгөөд үндэсний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүйг анхааруулсан байв.

Энэ удаа ажиллахдаа АНУ-ын агаарын бүсэд илэрсэн UFO болон “UFO биш” тохиолдол бүрийг нухацтай судлахаа Пентагон амласан байна.

Конгресст танилцуулсан өмнөх тайланд өгүүлснээр Пентагон 2004 оноос хойш агаарын бүсэд илэрсэн нийт 144 үзэгдэл бүртгэснээс зөвхөн нэгийг нь тайлбарлаж чаджээ.

Ингэхдээ үл таних биетүүд харь гарагийн гаралтай байх ямар нэг шинж тэмдэг олдоогүй ч бас байх боломжийг үгүйсгээгүй юм.

Харь гарагаас гадна Хятад, Орос зэрэг өрсөлдөгч улсуудын зэвсэг техник байх, байгалийн үзэгдэл байх, АНУ-ын өөрийнх нь аль нэг компанийн нууц технологийн туршилт байх зэрэг бусад хувилбар таамгуудыг дэвшүүлж байжээ.

Таньж чадсан ганц тохиолдол нь хийлдэг, аварга том бөмбөлөг байсан юм байна.

 

Эх сурвалж: BBC