Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын теннисчин Пэн Шуай ОУОХ-ны ерөнхийлөгчтэй видео холбоогоор ярилцжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 11 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Сураггүй болсон гэгдэж байгаа Хятадын теннисчин Пэн Шуай өчигдөр Олон Улсын Олимпын Хорооны (ОУОХ) ерөнхийлөгч Томас Бахтай видео холбоогоор ярилцсан тухай тус холбооноос мэдээлжээ.

Бахтай 30 минутын турш ярилцахдаа тамирчин бүсгүй Бээжин дэх гэртээ аюулгүй, хэвийн амьдарч байгаагаа мэдэгдээд хувийн шалтгаанаар хэсэг хугацаанд олон нийтээс тусдаа байх хэрэгтэй болсныг тайлбарласан байна.

Одоо 35 настай Пэн Шуай бараг гурван долоо хоногийн өмнө төрийн өндөр албан тушаалтан асны өөрт нь үзүүлсэн бэлгийн дарамтын талаар сошиал хуудсандаа мэдээлсний дараа сураггүй болсон юм.

Теннисчин бүсгүйн хувь заяанд санаа зовсон олон хувь хүн, байгууллага өнгөрсөн хугацаанд түүний ямар байдалд байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг Хятадын эрх баригчдад уриалж байв.

Пэн Шуай өчигдөр Томас Бахтай ярилцсан нь сураггүй болсноосоо хойш анх удаа гадаад ертөнцтэй шууд харилцсан тохиолдол болжээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч ирэх оны нэгдүгээр сард Бээжин 2022 өвлийн олимпын наадамд оролцохоор очихдоо Пэн Шуайг оройн зоогт урихаар тохиролцсон байна. Ням гарагийн өглөө Хятадын төрийн хэвлэл Глобал Таймс сонины сошиал хуудсанд хүүхдийн теннисний тэмцээнд оролцож буй Пэн Шуайн видео бичлэгүүдийг нийтэлжээ.

Эх сурвалж: The Guardian