Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сүхбаатар аймагт 2022 онд 100 орчим тэрбум төгрөгийн Бүтээн байгуулалт хийгдэнэ

A.Жаргал
2021 оны 11 сарын 20
iKon.MN
 

Сүхбаатарчууд өнгөрсөн онд хийсэн зарим бүтээн байгуулалтын ажлын нээлтээ өчигдөр хийлээ. “Хөрөнгө оруулалт-2021” үйл ажиллагааны хүрээнд, Баруун-Урт сумын 5 дугаар тойргийн авто зам, авто замын уулзварын гэрлэн дохио, гэр хорооллын 84 цамхагт гэрэлтүүлэг, авто замын гэрэлтүүлэг зэрэг томоохон бүтээн байгуулалтыг ашиглалтад хүлээн авсан байна. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал болон орон нутгийн удирдлагууд, төслийг хэрэгжүүлсэн “Монгол зам групп” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Цогтсэргэлэн, холбогдох албаны хүмүүс оролцлоо.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь “Аймгийн төв Баруун-Урт хотоо таван тойрог замаар хөгжүүлэх төлөвлөлтийг 2008 онд батлан хэрэгжүүлж, төлөвлөгөөний дагуу ажилласнаар өнөөдөр хамгийн сүүлийн буюу 5 дугаар тойрог замыг ашиглалтад бүрэн хүлээн авч байна. Улсын нийслэл эх орны нүүр царай болдогтой адил аймгийн төв тухайн орон нутгийн толь нь байдаг. Тийм ч учраас Баруун-Уртаа улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх зорилгыг урт хугацаанд тээж, бодсон санаснаа хэрэгжүүлээд явж байна” гэж онцолсон юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал “Төсвийн хөрөнгө оруулалтыг хэрхэн үр дүнтэй зарцуулж болдгийг сүхбаатарчууд бусад аймгууд болон УИХ-ын гишүүдэд харууллаа. 2008 онд Сүхбаатар аймагт АН ялаад, Ж.Батсуурь даргатай болоод хийгдсэн хамгийн эхний ажил бол Баруун-Урт хотын ерөнхий төлөвлөгөө байсан. Өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өгч буй энэ замын ажил бол 2008 оны төлөвлөгөөнд тусгагдсан олон ажлын нэг үргэлжлэл нь, замынхаа хувьд дуусгавар болж байна. Аливаа ажлыг төлөвлөж, түүнийхээ дагуу хийж, хэдий урт хугацааг туулсан ч дуусгаж чаддагаа сүхбаатарчууд бид харуулж чадлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат:

“Бид амаргүй цаг үеийг туулж байгаа хэдий ч аймагтаа томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг сааруулахгүй явуулах бодлого баримталж, улс, орон нутгийн төсвөөр хийхээр төлөвлөсөн ажлаа 80 гаруй хувьтай гүйцэтгээд явж байна. Өнөөдөр бидний зогсож байгаа замын хөрөнгө оруулалтыг Сүхбаатар аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь, Н.Ганибал гишүүд уйгагүй хөөцөлдөж, хичээж ажилласнаар улсын төсөвт тусгуулж чадсан. Мөн нутаг орноо гэсэн сэтгэлтэй нутгийн бизнесмен залуучууд энэ бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж гүйцэтгэлээ” хэмээсэн юм.

Баруун-Урт хот ингэж тойрог замд холбогдсоны эдийн засгийн үр ашиг нь их. Эдгээр тойрог замуудыг хооронд нь холбосон дэд авто замуудыг барьж байгуулснаар алслагдмал гэр хорооллын айл өрхүүдийн хашаа байшин ч эдийн засгийн эргэлтэд орох боломжтой болж, үүнийг дагаад үнэ нь өсч байгаа аж. Замыг дагаад дэд бүтэц, гэрэлтүүлэг нэмэгдэж алслагдмал гэгддэг байсан хорооллуудын үнэ цэн ч өсөж байгаа юм. Уг замын ажлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Монгол зам групп” ХХК хийж гүйцэтгэсэн бол авто зам дагуух гэрэлтүүлэг болон гэр хорооллын гэрэлтүүлгийг иж бүрэн шинэчлэх ажлыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж, угсралт суурилуулалтыг “Уртын гэгээ” ОНӨҮГ хийж гүйцэтгэсэн байна. Харин авто замын 7 уулзварт гэрлэн дохио, хяналтын камер суурилуулах ажлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж “Инносолюшн” ХХК хийж гүйцэтгэжээ. Ийнхүү гэр хорооллын цамхагт гэрэлтүүлэг  өмнө нь 36 байсан бол 84 гэрлээр нэмэгдүүлж 120 гэрэл асаж байна. Авто замын гэрэл 823 байсныг 289-өөр нэмэгдүүлж 1112 болгожээ.

 

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжсэн нийгэм, эдийн засгийн өндөр ач холбогдолтой бас нэгэн ажил бол Мал эмнэлгийн хяналт, ариутгалын пунктын барилга юм. “Буянт-Ас” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Мал эмнэлгийн хяналт, халдваргүйтгэлийн барилгатай болсноор олон улсын хөл хориот гоц халдварт, халдварт зооноз өвчин аймаг, бүс нутаг дамжин тархахаас урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэж байгаа аж.

Мөн энэ өдөр Баруун-Урт сумын 4 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох буюу насан туршийн боловсрол мэдээллийн төв зэрэг шинэ бүтээн байгуулалтыг нээсэн байна. Тус аймаг эрүүл мэндийн салбарт 2021 онд улс, орон нутгийн төсөв болон бусад хөрөнгө оруулалтаар нийт 3,6 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байгаа юм.

“Хөрөнгө оруулалт-2021” үйл ажиллагааны үеэр УИХ-ын гишүүд ирэх 2022 онд  улсын төсөвт Сүхбаатар аймагт нийт 77.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлуулсан тухай мэдээллийг хүргэсэн юм. Мөн орон нутгийн хөгжлийн сан, уул уурхайн хариуцлагын гэрээний  төсөв нэмэгдэж, ирэх онд 100 орчим тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэх аж.