Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/18-НД НИЙТЛЭГДСЭН

Беларусийн тал дүрвэгчдийг хилээс дотогш нүүлгэж эхэлснийг Польшийн албаныхан мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 11 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Польш-Беларусийн хил дээр бөөгнөрсөн дүрвэгчдийг Беларусийн тал автобусаар нүүлгэж эхэлснийг Польшийн дотоод хэргийн дэд сайд өчигдөр мэдээлжээ.

Ингэснээр хоёр улсын хилийн хямрал намжиж магадгүй гэсэн найдвар төрж байгааг бас хэлсэн байна.

Гэхдээ дүрвэгчдийн зарим нь цуглуулсан мод түлээгээ авч явж байгаагаас харвал хилийн өөр хэсэгт шилжин байрлах гэж байж болзошгүйг Польшийн хил хамгаалалтын албаны төлөөлөгч мэдээлжээ.

Арваннэгдүгээр сарын 8-наас эхлэн Ойрх Дорнодоос ирсэн хэдэн мянган дүрвэгч Европын Холбооны нутаг дэвсгэрт нэвтрэхээр Польш-Беларусийн хил дээр цугларсан юм.

Тэдний зорилго Польшоор дамжин Герман зэрэг баруун Европын орнуудад хүрэх байв.

Мягмар гарагт дүрвэгчид хүчээр хил нэвтрэх гэснийг Польшийн тал нулимс асгаруулагч хий, усаар шүршигч зэвсгийн тусламжтай зогсоосон юм.

Беларусийн эрх баригчид дүрвэгчдийг утаат бөмбөг, чулуу тоосго зэрэг янз бүрийн зэвсгээр хангасан байж болзошгүй гэж Польшийн тал сэжиглэж байгаа.

Дүрвэгчдийг хааш нь нүүлгэсэн талаар ямар нэг мэдээлэл ирээгүй байна. Хилийн хоёр талд хэвлэл мэдээллийнхнийг дотогш нэвтрүүлэхгүй байгаа. Тухайлбал Польшийн засгийн газар хилийн шугамын 3 км-aaс дотогш сэтгүүлчид болон хүний эрхийн байгууллагын ажилтнуудыг нэвтрүүлэхгүй байгаа юм.

Ирак улс өөрийн иргэдийг эх оронд нь буцаахаар эхний захиалгат нислэгээ өнөөдөр буюу Пүрэв гарагт үйлдэхээр төлөвлөжээ. Гэхдээ дүрвэгчдийн ихэнх нь Европын Холбоо руу нэвтрэх зорилгоосоо ухрахгүйгээ илэрхийлцгээж байна.

 

Эх сурвалж: Associated Press