Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: X сард чуулганы нэгдсэн хуралдааныг Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар нар хоёр удаа тасалсан

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүдийн ирц, ёс зүйн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "УИХ-ын энэ оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын ирцийн мэдээллийг танилцуулъя. Дээрх хугацаанд УИХ-ын чуулган 10 удаа хуралдсан. 

 УИХ-ын 19 гишүүн хуралдаан тасалж, 30 гишүүн хоцорсон бөгөөд 57 гишүүн хуралдааныг огт таслаагүй. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар гурав, С.Амарсайхан, Х.Нямбаатар, Ц.Сэргэлэн, Н.Энхболд нар хоёр, Х.Ганхуяг, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, С.Одонтуяа нар нэг удаа тасалсан. 

УИХ-ын даргын 45 дугаар захирамжаар УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг ахалж ажилласан. Нам бүлгийн төлөөлөл, бүх хэсгийн төлөөллийг оролцуулж хуулийн төслөө өргөн бариад байна.

Хүний картанд хүрдэг, кнопыг очиж дардаг асуудлаар шаардлага тавьж ирсэн. Цаашид ч үүнийг шаардсаар байх болно. Төр, ард түмнийг төлөөлж буй УИХ-ын гишүүд ажилдаа хариуцлагатай, ёс зүйтэй байх ёстой.

Өмнөх чуулганы хуралдаан дунджаар 54 минут хоцорч эхэлж байсан дүн мэдээ гарсан. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын хувьд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо байгуулснаар энэ хоцролтын хэмжээ дундаж дүнгээрээ долоон минут болсон. Одоо үүнийг яг цагт нь эхлүүлэх асуудал бий.

УИХ-ын гишүүн хуралдаанд оролцохгүй байх, таслахтай холбоотой зохицуулалт сул байсан. УИХ-ын гишүүний шинэ ёс зүйн дүмээр энэ хариуцлагыг тодорхой болгоно.

Тус дүрмийн 10.7.3-т хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэгдсэн байнгын дэд, түр хорооны хуралдааныг гурав ба түүнээс дээш удаа тасалсан, хуралдааны цахим ирцэд бүртгүүлсэн дүнгээр хоцорсон буюу тасалсан цаг нь ажлын гурван өдрийн цагаас дээш гарсан бол УИХ-ын ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаанаар оруулж хариуцлага тооцно. Хатуу сануулж, цаашлаад хэвлэл мэдээллээр олон нийтээс уучлалт гуйна" гэлээ.