Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнхжин: АНУ гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэх нь бүх улсад жигд үйлчилнэ

Б.Даваабазар, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын эрх баригчид арваннэгдүгээр сарын 8-наас буюу өнөөдрөөс эхлэн КОВИД-19-ийн вакцины бүрэн тунг хийлгэсэн гадаадын жуулчдыг нутаг дэвсгэртээ чөлөөтэй нэвтрүүлэхээр болсон. 

Тэгвэл Монгол Улсаас зорчих иргэдэд нэмэлт шаардлага тавьсан эсэхийг Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжингээс тодрууллаа. 

Тэрбээр "АНУ Монгол Улсын иргэдийг оруулна, оруулахгүй гэсэн зүйл байхгүй. Чөлөөтэй нэвтрүүлэх нь бүх улсад жигд үйлчилнэ. Харин PCR шинжилгээний сөрөг хариу, эдгэсэн гэсэн нотлох бичиг болон вакцины хоёр тунгийн гэрчилгээ зэргийг шаардана. Монгол Улсад тусгайлан шаардлага тавиагүй" хэмээв. 

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдэгдсэнээр, тус улсын Эрүүл мэндийн яамны Хүнс, эмийн чанарын хяналтын газраас /FDA/ баталсан эсвэл ДЭМБ-аас зөвшөөрсөн вакциныг хийлгэсэн хүмүүсийг саадгүй нэвтрүүлэх юм. Иймд ОХУ-ын КОВИД-19-ийн вакцинуудыг тариулсан аялагчид энэ жагсаалтад орохгүй.
Одоогийн байдлаар ДЭМБ Америкийн “Moderna”, “Pfizer” болон тус компанийн Герман түнш BioNTech, “Johnson & Johnson”, Их Британи-Шведийн “AstraZeneca” компаниудын вакцин, Энэтхэгийн “Covishield” вакцин, БНХАУ-ын “Sinovac Biotech”, “Sinopharm” компаниудын вакциныг КОВИД-19-ийн цар тахалтай тэмцэхэд яаралтай хэрэглэх зөвшөөрөл олгосон. 
Харин Хүнс, эмийн чанарын хяналтын газар “Moderna”, “Pfizer-BioNTech”, “Johnson & Johnson” компаниудын вакциныг бүртгэсэн билээ.