Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Халдварын тохиолдол сүүлийн зургаан сар орчмын хамгийн доод түвшинд хүрлээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 450 тохиолдол шинээр илэрсэн.

Энэ нь сүүлийн зургаан сар орчмын хугацаанд нэг хоногт шинээр илэрсэн халдварын хамгийн бага үзүүлэлт юм.

Тодруулбал, хамгийн сүүлд 2021 оны тавдугаар сарын 18-нд 450-аас бага буюу 349 тохиолдол шинээр илэрч байжээ. Түүнээс хойш өдөр бүр улсын хэмжээнд 500-аас дээш хүн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагдаж байв.

 

 

Гэхдээ Эрүүл мэндийн яамнаас зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлын тоог мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.

Өнөөдрийн байдлаар манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 368,600-д хүрчээ. Харин хоногт эдгэрч, тусгаарлалт болон эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоог нэмж үзвэл 621,588 даваад байна.

 

Ташрамд дурдахад, сүүлийн хоногт 4,552 сорьцод PCR  шинжилгээ хийснээс ийнхүү 10 хувьд нь халдвар илэрчээ. Харин өнөөдрийнхөөс бага тохиолдол бүртгэгдсэн өдөр буюу тавдугаар сарын 18-нд нийт 7,791 сорьцод шинжилгээ хийхэд 349-д буюу 4.4 хувьд нь халдвар батлагдаж байв.