Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Мөнх-Оргил: Хоёр жилд 1,000 гаруй программчаа гадаад руу алдсан. Тэднийг тогтоон ажиллуулах нь төрийн бодлогын асуудал болоод байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яамыг, Засгийн газрын бүрэлдэхүүнд эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнийг тус тус нэмэхээр хуулийн төслийг боловсруулжээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад энэ салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх асуудлыг хариуцуулбал яасан юм бэ гэсэн бодолтой байна.

Жилд 400-500 программч мэргэжилтнээ гадаад руу алдсан. Хоёр жилд 1,000 гаруй хүнээ алдсан байна. Тэднийг сургах нэг өөр, тогтоож ажиллуулах нь төрийн бодлогын асуудал болоод байна. Энэ асуудлыг хууль дээр нэмэхийг судалж үзсэн үү?" хэмээн асуув. 

Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Салбарын хүний нөөцийн асуудал чухал гэдэгт санал нийлж байна. Ажлын хэсэг дээр чиг үүрэг дээр нь тусгах тухай яригдаагүй. Хүний нөөц нь бүх яам, сайдын чиг үүргийн гол асуудал.

Харин И-Монгол академи нь төрийн өмчит үйлдвэрийн газар байна. Тухайн газрын ажилчдын цалин хөлсийг салбарынх нь ажилчдын цалинтай дүйцүүлж ойролцоо байлгахаар тусгаж оруулж ирж байгаа нь боловсон хүчнээ алдахгүй байх, чадвартай боловсон хүчнээ тогтоон барихад чиглэгдсэн ажил гэж ойлгож байгаа. Байнгын хороон дээр тодорхой томьёоллоор санал хураалт явуулах нь нээлттэй" гэдгийг хэллээ.