Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/11/03-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Ганхуяг: Жолоочийн даатгалын тухай хууль батлагдсанаар ослын тоо буурна гэж бодохгүй байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2021 оны 11 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Жолоочийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Уг хуулийг төслийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 20 гишүүн аравдугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авав. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хуулийн нэмэлт өөрчлөлтийн зорилгыг ойлгосонгүй. Ослын тоог бууруулах гээд байгаа юм уу. Хувийн хэвшлийн компаниуд ашигтай ажиллахаар ашигтай ажиллаж болохгүй гээд байгаа юм уу. Сайн явж байгаа зүйлийг заавал ингэж бусниулах хэрэг байна уу. Гурав, дөрвөн компани хувьцаа гаргаад хөрөнгийн бирж дээр бүртгэгдсэн байгаа. Цаана нь гурав, дөрвөн мянган хувьцаа эзэмшигчдийн асуудал бий. Энэ хууль гарвал хувьцаат компаниуд цаашид оршин тогтноход хэцүү болно.

Хууль батлагдсанаар ослын тоо буурна гэж бодохгүй байна. Ослын шалтгаан нь стандартын бус тээврийн хэрэгсэлтэй холбоотой. Яаж ослын тоог бууруулна гэж үзэж байгаа вэ? Ер нь цаашид хувийн хэвшлийн хийж байгаа зүйлийг төрийн өмч рүү, хэвшил рүү шилжүүлээд байх ажиллагаа явагдах юм уу. Хоёр сарын өмнө төрийн гурван өндөрлөг хувийн хэвшилтэй уулзаад эсрэг юм ярьсан. Гэтэл өнөөдөр ийм хууль орж ирж байна" гэлээ. 

Даатгалын салбар эрүүл бус, бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Жолооч нарын хохирлыг бодитоор үнэлдэг болно. Одоо бол тийм биш байгаа. Даатгалын зарим компанид 28 нөхцөл шаардлагыг хангах юм бол нөхөн төлбөрөө авч байна. Авахдаа хагас дутуу чирэгдэлтэй авч байгаа. Давхар цагдаа ирж торгодог. Энэ нөхцөл байдлыг арилгана. Зам тээврийн бодлогыг хэрэгжүүлэхэд жолоочийн хариуцлагын албан журмын даатгал хэрэгжиж байх ёстой.

Төр албадлагын аргаар жолооч иргэдээс мөнгө авч байгаа бол энэ нь тэдний эрх ашгийг хамгаалсан бодлогын арга хэмжээнд чиглүүлэгдэх нь зөв. Зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, ослыг бууруулах, жолооч иргэдийг соён гэгээрүүлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажиллагаа хангалтгүй байгаа. Осол ихэвчлэн гардаг хар цэгүүд тодорхой.

Даатгалын компаниуд олон төрлийн даатгалын үйлчилгээ явуулж байгаа. Хэрвээ жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн бус этгээд хариуцвал даатгалын компаниуд дампуурах гээд байна гэдгийг сонсохоор эргэлзээ төрж байна. Даатгалын салбар эрүүл бус, бусад бүтээгдэхүүн нь хөгжих чадваргүй, төрийн оролцооноос хамааралтай болсон юм уу. Төр заавал ашгийг авч халаасанд нь хийж өгнө гэдэг нь төрийн дэмжлэг биш.

Төр аж ахуй, бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ гэсэн. Төрийн бодлого гэдэг хүчээр хэн нэгний халааснаас мөнгө авч ашиг болгож өгөхийг хэлэхгүй.

Жолоочийн хариуцлагын даатгалын асуудал ашиг сонирхлын зөрчилтэйгөөр олон жил явсан. Цаана нь нэг сая гаруй жолооч даатгалын мөнгөө төлдөг. Ийм нөхцөл байдлыг засна. Даатгалын салбар бүтээгдэхүүнээрээ өрсөлдөж, иргэдийн итгэлийг олно. Түүнээс биш хэсэг улстөрчидтэй нийлээд иргэдийн мөнгийг албан журмаар хурааж ашиг олохыг зөв зарчмын үйл ажиллагаа гэж хэлэх боломжгүй" гэв. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хоёр төгрөг тутмын нэгийг нь нөхөн төлбөр гэж өгөөд үлдсэнийг нь даатгалын компани ашиг хийгээд байгаа юм уу? Даатгалын салбарт ажиллаж байгаа хүмүүс юугаар цалинждаг вэ? Зардлын задаргааг тодорхой хэлмээр байна.

Сангийн сайдаас асуумаар байна. 2022 оны төсөв үр ашиггүй төрийн үйлчилгээг бизнес рүү өгнө гэсэн. Гэтэл ямар ч үр ашиггүй бизнесээр хийгдэж байгаа ажлыг төр авна гэсэн юм орж ирж байна.

Хуулийг өнгөрсөн долоо хоногт өргөн бариад өнөөдөр хэлэлцэж байгаа нь асар том лобби байна" гэв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Хэний эрх ашгийг хамгаалж байна вэ гэдгийг асуулаа. Нийт иргэний ашиг сонирхлын төлөө хууль санаачилсан гишүүд ажиллаж байгаа. Т.Доржханд гишүүн та Монре даатгалын 88.5 хувийг гэр бүлийн хүнийхээ нэр дээр эзэмшиж байгаа. Тэгэхээр энэ хэлэлцүүлэгт та ашиг сонирхлын зөрчилтэй. УИХ-д хувийн эрх ашгаа нэмэгдүүлэх гэж та орж ирээгүй. Миний саналыг хүлээж авахгүй бол Үндсэн хуулийн цэцэд таныг өргөсөн тангаргаасаа няцсан хэргээр асуудал үүсгэнэ. 

Хэд хэдэн улс төрийн оролцоотойгоор албан журмын даатгалын үйл ажиллагаа явуулж байгаа гэдгийг хэлье" гэлээ. 

Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан "Даатгалын салбарын бодлогыг Сангийн яам хариуцдаг. Хяналт зохицуулалтын үйл ажиллагааг нь СЗХ хариуцан ажилладаг. Даатгалын үзэл баримтлалын хувьд хорооноос Сангийн яаманд хүргүүлсэн.

Дэвшилтэт технологийг ашиглан даатгалын гэрээ байгуулах, нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг хялбаршуулах, даатгалын үйлчилгээг шуурхай хүргэх, хамрагдалт хүртээмжийг сайжруулах зэрэг тодорхой саналыг хүргүүлээд байна. Жолоочийн даатгалын хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан үзэл санааг салбарынхан болон хорооныхон сайн ярилцах ёстой гэсэн байр суурьтай байгаа" гэсэн тайлбарыг өглөө. 

Даатгалын компаниуд үйл ажиллагааны зардлаа харьцангуй танасан

Даатгалын холбооны гүйцэтгэх захирал Ж.Батжаргал "Жолоочийн хариуцлагын даатгал 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Даатгалын салбарт хосолсон болон хохирлын харилцаа гэдэг үзүүлэлт байдаг. Хосолсон харилцаа нь нөхөн төлбөр дээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Хэвлэлээр зөвхөн төлбөрийг яриад үлдсэнийг нь ашиг гээд ташаа мэдээлэл явж байна.

2021 онд даатгалын компаниуд үйл ажиллагааны зардлаа харьцангуй танасан. Нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг цахимжуулсан. Хохирлын харьцаа 2022 онд 52 хувьтай байна. Өөрөөр хэлбэл олсон орлогынхоо 52 хувийг хохиролд өгч байгаа. Цаана нь үйл ажиллагааны болон ашигт ажиллагааны асуудал яригдана" гэлээ. 

Хуулийн төсөлд:

  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээдэд хариуцуулан төрийн оролцоогүйгээр зохион байгуулах,
  • Хохирлыг зөв үнэлдэг, жолоочид чирэгдэл учруулахгүйгээр хохирлыг шуурхай, бүрэн барагдуулдаг тогтолцоо төлөвшүүлэх;
  • Зам тээврийн осолд холбогдсон иргэдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй тохиолдолд тээврийн цагдаагийн албаны оролцоогүйгээр нөхөн төлбөрийг шийдвэрлэх;
  • Жолооч нар осол гаргаад давхар торгуулдаг, жолоодох эрхийн оноогоо хасуулдаг байдлыг засах;
  • Даатгалын санд төвлөрсөн орлогыг осол гаргасан жолооч нарыг соён гэгээрүүлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, ослын тоог бууруулахад зарцуулах;
  • Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь хариуцлагын даатгалд хамрагдсан боловч түүний гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргавал даатгалын гэрээнд нэр бичигдээгүй гэсэн шалтгаанаар даатгалаас нөхөн төлбөр олгохгүй байгааг өөрчлөх;
  • Заавал өөрийн биеэр даатгалын компанид очихгүйгээр цахимаар даатгалд хамрагдах боломжийг нээж өгөх;
  • Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чандлан мөрддөг, зам тээврийн осол гаргадаггүй жолооч нарын төлөх хураамжийн хэмжээг багасгах;
  • Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагч буюу жолооч нараас төлөөлөл оруулах зэрэг зохицуулалтыг тусгажээ.