Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад улсад дизелийн түлшийг хязгаартай худалдаж эхэлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын хэд хэдэн бүс нутагт өчигдрөөс эхлэн шатахуун түгээгүүрийн газруудад урт дараалал үүсэж, дизель түлшийг жолооч нарт хязгаартай худалдаж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Ачааны автомашины зарим жолооч нар түлш авахаар бүтэн өдөр дараалалд хүлээж байгаа тухайгаа Хятадын Вэйбо сошиал сүлжээнд мэдээлсэн байна.

“Одоо тулгараад байгаа дизель түлшний хомсдол бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх бизнест голлон нөлөөлж байгаа бололтой. Үүнийг дэлхий дахинд нүүрлээд байгаа нийлүүлэлтийн хямралын илрэл гэж үзэж байна” гэж Economist Intelligence Unit байгууллагын Хятадын зах зээл хариуцсан захирал Мэтти Бекинк ярьжээ.

Коронавирусийн цар тахлын дараах эдийн засгийн идэвхжил, өндөр эрэлттэй холбоотойгоор өнөөдөр дэлхий даяар ложистик, хангамж нийлүүлэлтийн томоохон хямрал үүсээд байгаа билээ.

Хэбэй мужийн Шижязуань хотын шатахуун түгээх станцууд ачааны автомашин тутамд 100 литр хүртэл дизель түлш зарах хязгаарлалт тогтоосон тухай Caixin бизнесийн мэдээний сайт мэдээлжээ.

Хятадын бусад бүс нутгуудад үүнээс ч багаар хязгаарлалт тогтоосон тухай мэдээ ирж байна. Үүнээс гадна Шижязуаниас холгүй оршдог Фуянь хотод шатахууны саваа дүүргэсэн тохиолдолд жолооч нараас 300 хүртэл юаний ($47) нэмэлт төлбөр авч байгаа тухай мэдээлжээ.

Сүүлийн саруудад Хятадад нүүрс, байгалийн хийн хомсдол үүсэж, үнэ ханш нь дээд хэмжээндээ тулж өсөөд байгаа. Үүнээс үүдэлтэй эрчим хүчний  хомсдолын улмаас үйлдвэрүүд хаагдаж, айл өрхүүд цахилгааны хэрэглээгээ хязгаарлах болжээ.

Зөвхөн Хятадад биш, дэлхийн бүх зах зээлд эрчим хүчний хямрал үүсээд байгаа. Тухайлбал газрын тосны үнэ 2014 оноос хойших хугацааны хамгийн дээд хэмжээндээ хүрч, Европ, Их Британид хомсдол үүсээд байна.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх зорилгоор дэлхий даяар ногоон эрчим хүчинд шилжих үйл явц тийм амар байхгүйг энэ удаагийн хямрал харуулж байгаа юм.

“Хүлэмжийн хийг тэглэх үйл явцыг маш сайн төлөвлөж, болгоомжтой хэрэгжүүлэх ёстойг өнөөдрийн хямрал харууллаа” гэж Стандарт Банкны Хятадын зах зээл хариуцсан эдийн засагч Жереми Стивен ярьж байна.

 

Эх сурвалж: BBC