Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/26-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Айл өрхийн хаалгыг өрөмдөж, эд зүйлс хулгайлдаг гэмт этгээдүүдийг илрүүлэхээр ажиллаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед орон сууцны хулгайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон тул иргэд сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Д.Отгонжаргал анхаарууллаа.

Тэрбээр "Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ногоон бүс болох зуслангийн айлуудаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд өөрсдийн гэр орон, эд хөрөнгөө харуул хамгаалалттай байлгах, зуслангийн чиглэлд ажилладаг дохиолол хамгаалалтын газруудтай хамтран ажиллахыг зөвлөж байна.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутагт орон сууцны хаалгыг өрөмдөн найман гэмт хэрэг гарсан ч одоогоор эзэн холбогдогчийг олоогүй байгаа. Өөрөөр хэлбэл, айл өрхийн хаалгыг өрөмддөг гэмт этгээдүүд баригдаагүй байна.

Тухайн этгээдүүд нь

  • БЗД-ийн 26 дугаар хороо Дүнжингарав хотхоны айл өрхүүдийн,
  • Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Могул Таун хотхонд оршин суух айл өрхийн,
  • Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо Оргил Стар, Ривер гарден хотхонд оршин суух айл өрхийн хаалгыг өрөмдөж, эд зүйл хулгайлсан байна.

Энэ мэт хохирол ихтэй гэмт хэргийг үйлдсэн нь анхаарал татаж байгаа. Эдгээр бүх хотхон харуул хамгаалалттай ч энэ мэт гэмт хэрэг гарч байгаа тул харуул хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, айл өрхүүд анхаарлаа дээшлүүлэх, камерын хяналтыг сайжруулах шаардлагатай байна.

Бид энэ тал дээр иргэдээс мэдээлэл авах ажлыг зохион байгуулж, тодорхой сэжиг бүхий этгээдүүдийг шалгаж байгаа" гэсэн юм.

"Гэмт хэргийн талаарх баттай мэдээллийг цагдаагийн байгууллага худалдаж авч байна"

Түүнчлэн "Иргэд байгууллагаас төлбөртэй мэдээлэл авах үнэлгээний жишиг буюу 2017 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтран баталсан журам бий.

Тус журмаар,

  • Гэмт хэрэг үйлдэхийг завдаж байгаа болон үйлдсэн тухай мэдээллийг 2,000,000 хүртэлх төгрөгөөр,
  • Эрүүгийн хуульд 12-оос дээш жилээр хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэргийн тухай мэдээллийг 5,000,000 хүртэл төгрөгөөр,
  • Үндэстэн дамнасан зохион байгуулалттай террорист болон мансууруулах бодис, хүн худалдаалах гэмт хэргийн тухай мэдээлэл 5,000,000 хүртэлх төгрөгөөр,
  • Эрэн сурвалжлагдаж байгаа түүх соёлын үнэт эдлэл, дурсгалт зүйлийн талаарх мэдээллийг 2,000,000 хүртэлх төгрөгөөр үнэлж авдаг.

Тиймээс иргэд сэжигтэй овор ихтэй зүйл авч яваа, бусдын барилга байгууламжийн камерыг эвдэж байгаа зэрэг мэдээллийг цагдаагийн байгууллага дээрх журмын дагуу мэдээлэл худалдаж авна" гэдгийг хэллээ.