Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

"Осстем Монгол" ХХК амны хөндийн эрүүл ахуйд нь эмчилгээ шаардлагатай зорилтот бүлгийн 60 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчиллээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

"Осстем Монгол" ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд КОТРА буюу БНСУ-ын гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг, "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллага болон АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуультай хамтран зорилтот бүлгийн 60 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж эхэлжээ.

Эмчилгээнд хамрагдах хүүхдийн тоо болон бусад мэдээллээ солилцохоор хамтрагч байгууллагуудын төлөөллүүд өчигдөр уулзсан юм.

"Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бусдад тусалж, сайн үйл хийхдээ үргэлж баяртай байдаг "

Уулзалтын үеэр “Осстем Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ким Бо-Хёнь "Манай байгууллага 2016 онд байгуулагдаж, 2018 оноос нийгмийн хариуцлагын хүрээнд сайн үйлсийн ажил хийж эхэлсэн.

Нийгмийн сайн, сайхны төлөөх ажил гэдэг нь бизнесийн байгууллагууд олсон ашгийнхаа тодорхой хувийг нийгэмд эргүүлэн зориулах үйл ажиллагаа байдаг.

Хэдийгээр манайх гадаадын хөрөнгө оруулалттай ч Монголд үйл ажиллагаагаа явуулдаг тул нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бусдад тусламж үзүүлж, сайн үйл хийхдээ үргэлж баяртай байдаг гэдгээ хэлмээр байна.

Тухайлбал, бид 2019 онд Цагдаагийн байгууллагатай хамтран цагдаагийн алба хаагчдыг хөтөлбөртөө хамруулж, шүдийг нь үнэ төлбөргүй эмчилж байв. Гэвч өнгөрсөн жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас сайн үйлсийн төслүүдээ хэрэгжүүлж чадалгүй өнжсөн.

Харин энэ жилийн сайн үйлсийн ажилдаа цар тахлын улмаас удаан хугацаанд гэртээ байсан хүүхэд, багачуудыг хамруулахыг зорилоо. Учир нь цар тахлын хөл хорионоос болж сургуулийн насны хүүхдүүд эмнэлгийн болон нийгмийн олон төрлийн үйлчилгээ авч чадалгүй урт хугацаанд гэртээ байсан. Үүнээс улбаалсан олон асуудал хүүхдүүдийн өмнө тулгарч байгаа тухай сонссон.

Тиймээс энэ удаа бид тусламж хэрэгтэй байгаа зорилтот бүлгийн 60 хүүхдийг сонгож, амны хөндийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн юм.

 

Бид цаашид энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Хүүхдүүдийн амны хөндийн эмчилгээ, үзлэгийг АШУҮИС-ийн Нүүр амны судлалын сургуульд хийнэ" гэсэн юм.

Тус байгууллагаас санаачилсан сайн үйлсийн ажиллагаанд КОТРА-Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлаг дэмжлэг үзүүлж буй. Тэд "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллагын харьяалалд байдаг 60 хүүхдийг сонгож эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа аж.

"Бид амны хөндийн эрүүл ахуйд нь эмчилгээ нэн шаардлагатай 60 хүүхдийг сонгосон"

Энэ талаар "Гүүд Нэйборс" олон улсын төрийн бус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Жу Сүн Хён "Монгол Улсад бага насны хүүхдийн амны хөндийн эрүүл ахуйн өвчлөл нэлээд өндөр хувийг эзэлдэг.

Тиймээс бид хамтран нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдүүдийн амны хөндийн эрүүл ахуйг дэмжихээр энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Уг төсөлд насны 7-15 насны 60 хүүхэд хамрагдах юм.

Манай байгууллагын хувьд, жил бүр хороо, дүүргийн нийгмийн ажилтнуудтай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийн талаар судалгааг хийн, эрүүл мэндийн үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн хүүхдүүдийг үзлэгт хамруулдаг. Тэрхүү үзлэгээр амны хөндийн эрүүл ахуйд эмчилгээ нэн шаардлагатай гэж үзсэн 60 хүүхдийг сонгож, ийнхүү "Осстем Монгол" ХХК болон КОТРА-Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран шүдийг нь эмчлүүлэхээр болоод байгаа.

Бид орон нутгийн хөгжилд хүүхдийн эрх хамгаалалд зориулсан үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулахдаа бусад байгууллагатай хамтрахад бэлэн" хэмээн хэллээ.

 
"БНСУ-ын компаниудын нийгмийн сайн сайхны төлөө хийж буй ажлуудыг үргэлж дэмжинэ"

"КОТРА-Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлагийн тухайд 2013 онд Монголд байгуулагдсан бөгөөд Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа Солонгос байгууллагуудын нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийж буй төслийг дэмжиж ажилладаг" гэдгийг тус агентлагийн ерөнхий захирал Хонг Сон Ү хэллээ.

Тэрбээр "Осстем Монгол ХХК-тай энэ чиглэлээр 2019 оноос хамтын ажиллагааг эхлүүлсэн. Манай байгууллага Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгос компаниудын нийгмийн сайн сайхны төлөө хийж буй үйл ажиллагаануудыг дэмжиж, цар хүрээг нь өргөжүүлэхийг зорьж байна” хэмээсэн юм.

"Бид цаашдын хамтын ажиллагааныхаа хүрээнд илүү олон хүүхдийг шүдийг эрүүл болгоно"
 

АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, доктор Б.Батбаяр “Манай сургууль 2015 оноос эхлэн монгол хүн монгол хүнийхээ төлөө гэсэн сайн дурын үйл ажиллагаанд оролцсоор ирсэн.

Энэ удаа "Осстем Монгол" ХХК болон КОТРА-Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын агентлагтай хамтран хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулж, шүдний өвчлөлийг нь эмчлэхээр болоод байна. Эмчилгээ хийлгэх 60 хүүхдийн 30 нь өнөөдөр /2021.10.21/ ирсэн бол үлдсэн 30 нь маргааш ирэх юм.

Сайн үйлсийн ажиллагааны хүрээнд дээрх байгууллагууд зөвхөн эмчилгээ шаардлагатай 60 хүүхдийн шүдийг эмчлүүлэхээр сонгосон. Гэхдээ үүнийг би хамтын ажиллагааны маань дөнгөж эхлэл гэж бодож байна.

Бид цаашид хамтран ажиллаж, илүү олон хүүхдийн шүдийг эрүүл болгохоор ярьж байгаа” гэсэн мэдээлэл өглөө.