Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах талаар хуульд тусгажээ

Т.Саран, iKon.mn
2021 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар ИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв. Тэрбээр дээрх хуулийн төслийг энэ өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Монгол Улсын Их Хурлаас Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2017 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтсон билээ. Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад дариу 3 жил 9 сар, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд 2 жил 9 сарын хугацаа өнгөрсөн боловч төрийн албаны шинэтгэлийн дараагийн үе шатыг эхлүүлэх, төрийн албыг иргэдийн эрх ашигт илүү нийцсэн, мэргэшсэн, тогтвортой, хариуцлага, ёс зүйтэй, үр ашигтай тогтолцоонд шилжүүлэх чухал ач холбогдолтой хуулийн зарим зохицуулалтын биелэлт хангалтгүй байна хэмээн хуулийн төсөл санаачлагч үзжээ.

Төрийн байгууллагын үйл ажиллагаа цалгардах, эзэнгүйдэх, төрийн албаны хууль зөрчигдөх нөхцөл зарим тохиолдолд үүсч байгааг тэрбээр дурдаад энэ нь төрийн захиргааны ахлах түшмэлээс эхлэн тэргүүн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох иргэнд төрийн алба болон төрийн захиргааны албанд ажилласан байх хугацаа тогтоож, төрийн захиргааны албанд шинэ менежмент, мэдлэг хандлага нэвтрэх, хөгжихийг хязгаарлаж, төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон тухайн салбарт мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэн төрийн захиргааны албанд ажиллах боломжгүйд хүргэсэнтэй шууд холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.  

Түүнчлэн, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг жилд нэг удаа зохион байгуулж байгаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн нөөцийг бүрдүүлж төрийн албаны сул орон тоо гарсан даруйд нөхөх, төрийн байгууллагын хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангах шаарлагыг хангахгүй байна. Иймд төрийн албаны хөгжил, шинэтгэлийг бодитойгоор шуурхай хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлага, төрийн албаны хүний нөөцийн удирдлагыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлж байгаа дэлхийн нийтийн чиг хандлагыг харгалзан Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа гэлээ.

Төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажилласан болон тухайн салбарт мэргэжлээрээ ажилласан хугацааг төрийн албанд болон төрийн захиргааны албан тушаалд ажилласан хугацаанд тодорхой хувиар дүйцүүлэн тооцох, ийнхүү дүйцүүлэн тооцох журмыг Засгийн газар батлах, улмаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог төрийн улс төрийн, тусгай, үйлчилгээний албан тушаалд ажиллаж байгаа болон мэргэжлээрээ ажиллаж байгаа иргэнээс нөхөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Мөн төрийн албаны хүний нөөцийн удирдлагын чиг үүргүүд Засгийн газарт байх талаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд заасан зохицуулалтад нийцүүлэн төрийн албаны төв байгууллагын үндсэн чиг үүрэгт үл хамаарах бүрэн эрх, үйл ажиллагааг хасаж, төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулж байх зохицуулалтыг тусгав.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Авлигатай тэмцэх газраас хувийн ашиг сонирхол үүсэх эсэхээс бусад асуудлаар дүгнэлт, мэдэгдэл гаргахыг хориглох зохицуулалт бүхий Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд УИХ-ын гишүүн Н.Энхболд төрийн албаны шалгалтыг тодорхой давтамжтай авдаг байхаар төсөлд тусгасныг дэмжиж байгаагаа илэрхийлээд, төрийн албаны шалгалтыг хэдийд ч өгч болдог байхаар зохицуулж, жил тойрон шалгалт хүлээдэг байдлыг зогсоох нь зүйтэй. Түүнчлэн мэдлэг чадвартай боловсон хүчнийг төрийн албанд ажиллуулах хэрэгтэй гэж их яригддаг ч гэсэн төрийн албаны шатлан дэвших мерит зарчмыг алдагдуулж болохгүй гэсэн саналыг илэрхийлсэн.

Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.