Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Испани улсын ерөнхий сайд биеэ үнэлэх явдлыг хориглохоо амлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Испани улсын ерөнхий сайд Педро Санчез тус улсад биеэ үнэлэх явдлыг хориглохоо амлажээ.

Валенсиа хотод гурван өдөр үргэлжилсэн Социалист Намын их хурлын сүүлийн өдөр буюу Ням гарагт тэр ийм мэдэгдэл хийсэн байна.

Испани улс 1995 оноос хойш биеэ үнэлэх явдлыг гэмт хэрэгт тооцохоо больсон юм. 2016 онд НҮБ-ын гаргасан тооцоогоор тус улсын сэкс салбарын жилийн эргэлт 3.7 тэрбум еврод хүрсэн байна.

2009 онд явуулсан нэг судалгаанаас үзвэл Испанийн насанд хүрсэн 3 эрэгтэй тутмын нэг нь ядаж нэг удаа биеэ үнэлэгч авч байжээ.

Одоо тус улс дэлхийд Тайланд, Пуэрто Рикогийн дараа энэ салбарын гурав дахь том төв болдог.

Испанид биеэ үнэлэх явдлыг хуулиар хориглодоггүй, харин биеэ үнэлэгч, хэрэглэгч хоёрын дунд зуучлах үйл ажиллагааг хориглодог байна.

Одоо тус улсад нийт 300,000 орчим эмэгтэй янхны газруудад ажилладаг гэсэн тоо бий.

2019 онд Санчезын нам сонгуульд оролцохдоо биеэ үнэлэх явдлыг халах тухай амлалт өгсөн нь эмэгтэй сонгогчдын саналыг авахад нөлөөлж байжээ.

Гэвч сонгуулиас хойш хоёр жил өнгөрөөд байхад Социалист Намын засгийн газар ямар нэг арга хэмжээ аваагүй байгаа. Эхэн үедээ Испаничууд биеэ үнэлэх явдлыг дэмжих нь энэ салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн аюулгүй байдал, санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үздэг байв.

Гэвч сүүлийн үед хүний наймааны гэмт хэрэг нэмэгдсэн нь олон нийтийн санаа бодлыг эргүүлээд байгаа. Зөвхөн 2017 онд Испанийн цагдаа нар хүний наймааны золиос болсон 13,000 эмэгтэйг чөлөөлж байжээ. Тэдний 80 хувь нь бусдын хүчинд автаж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсноо мэдүүлсэн байна.

 

Эх сурвалж: BBC