Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын киноны уран бүтээлчид тойрог замаас дэлхийд буцаж ирлээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Сансарт анх удаа уран сайхны киноны зураг авсан Оросын уран бүтээлчдийн баг Ням гарагт дэлхийд амжилттай газарджээ.

Найруулагч Клим Шипенко, жүжигчин Юлия Пересильд нартай хамт сансрын нисгэгч Олег Новицкий өчигдөр үд дунд Казахстаны талд шүхрээр буусан юм.

Уран бүтээлчид Олон Улсын Сансрын Станцад 12 хонохдоо “Вызов” нэртэй шинэ киноны зургийг авсан байна. Уг кинонд тойрог замд ажиллаж буй сансрын нисгэгчийн бие муудаж, дэлхийгээс эмчлэх боломжгүй болсон тул эмч эмэгтэй ирж байгаа тухай гардаг гэнэ.

Баасан гарагт Олон Улсын Сансрын Станцын хөдөлгүүрт алдаа гарснаас байрлал нь хазайж, хяналтаа хагас цаг орчим хугацаанд алдсан юм. Уг үйл явдал кино зураг авах ажилд саад болоогүйг уран бүтээлчид мэдээлжээ.

Тойрог замаас буцахын өмнө кино уран бүтээлчид станцад үлдэж буй сансрын нисгэгчидтэй салах ёс гүйцэтгэсэн байна. Энэ үйл явдлын дүрс бичлэгт жүжигчин Пересильд зориуд үсээ задгай тавьж, жингүйдлийн орчинд байгаагаа харуулжээ.

Киноны зургийг сансарт авсанд зарим хүмүүс эргэлзэж болзошгүй гэж үзээд Пересильд ийм үзүүлбэр бэлдсэн байна.

Холливүүд бас сансарт кино бүтээх талаар судалж, жүжигчин Том Круйз бэлтгэл хийж байгаа.

Одоо уран бүтээлчид сансрын нисгэгчдийг бэлддэг Оддын Хотхонд 10 хоног байрлаж, сэргээн засах эмчилгээ хийлгэх юм. 

Тойрог замд уран сайхны кино бүтээх санааг Оросын төрийн өмчит Роскосмос корпорацийн захирал Дмитрий Рогозин гаргаж байжээ. Энэ санаа Роскосмосын удирдлагуудын дунд зөрчил үүсгэж, Рогозин нислэгийн багийн дарга Сергей Крикалёвыг ажлаас нь халж байв.

Гэвч олон нийтийн бухимдлын улмаас хэд хоногийн дараа Крикалёвыг албан тушаалд нь буцаан томилжээ.

Эх сурвалж: BBC, Russia Today