Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын алдартай влоггерын амийг хөнөөсөн этгээдэд шүүх цаазын ял оноожээ

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Салсан эхнэрийнхээ бие дээр шатахуун асгаж, амьдаар нь шатаасан эрд Хятадын шүүх өчигдөр цаазын ял оноожээ.

Уг хэргийн хохирогч нь Хятадын ТикТок сүлжээнд олон зуун мянган дагагчтай Тан Ламу хэмээх влоггер эмэгтэй байсан юм. Аллага Ламуг сошиал сүлжээгээр дүрс шууд дамжуулж байх үеэр олон мянган хүний нүдний өмнө үйлдэгдэж байжээ.

Сичуань мужийн Аба дүүргийн шүүхийн шийдвэрт уг хэргийг “нийгэмд маш муу нөлөө үзүүлсэн онц хэрцгий үйлдэл” гэж дүгнэсэн байна. Өндөр уулын алслагдсан Аба дүүрэгт төвөд үндэстнүүд олноор оршин суудаг юм.

Ламу нь төвөд үндэстэн бөгөөд хоёр хүүхдийн эх байжээ. Тэрбээр хөдөөний аж амьдрал, төвөд үндэстний ахуй соёлыг харуулсан видео дүрсийг сошиал сүлжээгээр дамжуулж, Хятад даяар алдаршсан юм.

Ламу 2020 оны зургаадугаар сард өөрийг нь байнга зоддог нөхрөөсөө салж байжээ.

Үүнээс гурван сарын дараа аллага гарч, биенийх нь 90 хувь түлэгдсэн Ламу хоёр долоо хоногийн дараа нас барсан юм.

Тэрбээр нөхрийнхөө зодуур, хүчирхийллийн талаар цагдаад олон удаа хандаж байсан ч “гэр бүлийн асуудал” гэсэн шалтгаанаар хүлээж авдаггүй байсныг Хятадын хэвлэлүүд шүүмжлэн мэдээлжээ.

Хятад эмэгтэйчүүдийн дөрөвний нэг орчим нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог тухай 2013 онд Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооноос гаргасан тайланд дурдсан байдаг.

Гэр бүлээ салгаж буй хосуудад эвлэрлийн 30 хоногийн хугацаа өгөх хууль саяхан хэрэгжиж эхэлсэн нь эмэгтэйчүүдийг хүчирхийлэгч нөхрөөсөө зугтахад улам хэцүү болгож байгааг зарим хүмүүс шүүмжилдэг юм.

 

Эх сурвалж: BBC