Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Адъяа: Соёлоо дэлхийд түгээх эхлэлийг тавьсандаа сэтгэл дүүрэн байна

ikon.mn
2021 оны 10 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Мongol NFT компанийн гүйцэтгэх захирал Б.Адъяатай ярилцлаа.

-“Твиттер”-ийн үүсгэн байгуулагчийн анхны жиргээний скрийншот бараг л гурван сая ам.доллар хүрсэн, ганц зураг 69 сая доллараар зарагдсан, “Лос Анжелес Лейкерс”-ийн Лейброн Жеймсийн цагираган дээрээс довтолж буй бичлэг 280 мянган ам.доллараар худалдаалагдсан гээд яривал NFT тойрсон дуулиан ид хүчээ авч байгаа ийм үед танай компани байгуулагдаад ажиллаад эхэлчихлээ. Энэ үгийн утга, яагаад компаниа байгуулах болсон шалтгаанаас чинь ярилцлагаа эхэлье?

-Non-Fungible-Token (NFT) гэсэн үг л дээ. Товчхондоо цорын ганц давтагдашгүй юмсын төлөөлөл гээд ойлгочихож болно. Энэ он гарсаар дэлхий даяар маш олон уран бүтээлч өөрсдийнхөө дижитал арт бүтээлийг интернэт ашиглан худалдаалаад эхэлчихсэн. Монголчуудын тухайд NFT маш том боломжийг нээх нь тодорхой гэж харж байна. Наад зах нь манай уламжлалт урлагийн төрлүүд дэлхийд гарах бүрэн боломжтой. Өмнө нь манай уран бүтээлчид жуулчдыг ирэхэд л бүтээлээ зардаг байсан бол одоо гэртээ сууж байгаад олон улсад бүтээлээ зарахад асуудалгүй. Манай компанийн хувьд тэр орчныг нь бүрдүүлж өгч байна.

Технологийн хувьд блокчейн дээр үндэслэж байгаа. Блокчейн дээр хүлээгдэж байсан зүйлс амьдралд нэвтэрч эхэлсний нэг нь NFT. Блокчейн бол дэлхий дээрх нэг том өгөгдлийн сан. Засварлах боломжгүй, нэг л орсон бол өөрчлөгдөхгүй, хөдлөхгүй гэсэн онцлогтой. Энэ давуу тал, онцлогийг нь ашиглаад давтагдашгүй зүйлсийг бүртгэе гэж байгаа юм.

-Давтагдашгүй юмс гэдгээ тодруулж тайлбарлаач, урлагийн бүтээлийн тухайд давтагдашгүй нь ойлгомжтой...?

-Нэг ам.долларын дэвсгэртийг олноор үйлдвэрлэгддэг. Товчхондоо давтагддаг эд. Харин “Мона Лиза” бол давтагдахгүй. Урлагийн бүтээлүүд давтагдашгүй. Дэлхий дээр давтагдахгүй зүйлс асар ихээр оршдог. Тэр бүхэн ямар нэг байдлаар үнэ цэнээ өгсөөр яваа. Маш сайн тогооч, арилжааг гоц хийдэг хүн гээд яривал давтагдашгүй юмсын хүрээ хязгааргүй л дээ.  Ийм зүйлсийг бүртгэлжүүлэх гэж байгаа юм. Давтагдахгүй зүйлсийг бүртгээд явахаар  тэдний шилжих хөдөлгөөнийг ч бүртгэх боломжтой болно. Блокчейн технологи сэргэн мандалтын үед байсан бол бид өнөөдөр  “Мона Лиза”-г ямар хүмүүсийн гар дамжиж явсаар Парисийн Луврын музейд Франц улсын өмч болоод очсоныг мэдэж болох байсан.

-Монголд NFT-ийн орчин бүрдэж эхэллээ. Хүмүүс хэр сонирхож байна, хамтран ажиллаж байгаа хүмүүсээ сонирхуулаач. Рокет Бэй, “Онц дүмд”-ийнхэн лав хамтарсан сураг дуулдсан?

-Бид анх 1000 сайн user-тай байхад болно гэж төсөөлөөд ажлаа эхэлсэн. Гэтэл хагас сарын дотор 5000 хэрэглэгчтэй болчихлоо. Манайхаас гаргасан бүх NFT зарагдаад дуусчихсан. Монголын номер нэг stock trader, сүүлд crypto trader рүү орсон, 25 мянган дагагчтай Эрхэмээгийн NFT “Е token” гээд  манай дээр гарсан. Эрхэмээ мянган төгрөгөөр 10 токен гаргасан. Мэдээж энэ үнэлгээг сонсохоор ашиггүй юм шиг  харагдах байх. Гэхдээ яваандаа энэ токенийг 10 сая төгрөгөөр авах хүн өчнөөн бий. Учир нь Эрхэмээ  тийм үнэ цэнээ тогтоочихсон. Нэг хүнтэй жилд нэг цаг уулзана, тэгэхдээ 12 жилийнхээ арилжаа хийсэн туршлагадаа үндэслээд зөвлөгөө өгнө гэж байгаа. Зөвлөгөө авахыг хүссэн хүн токеныг нь аваад уулзах боломжтой болно гэсэн үг. Ингээд харахаар хоёрдогч зах зээл рүү гарахаар Эрхэмээгийн үнэлгээ улам өснө. Яагаад заавал токен гэж, вэб сайт нээгээд шийдчихэж болохгүй юм уу гэсэн асуулт гарч ирнэ л дээ.

Блокчейн дээр суурилж байгаа гэдэг утгаараа өгөөж нь огт өөр. Тэр токен хаана ч ажиллана гэсэн үг. Магадгүй Эрхэмээгийн токеныг Хятадад нэг залуу сонирхож болно. Нэг үгээр хэлбэл дижитал хөрөнгө болчихож байгаа юм.. Зураг бас адилхан. Уран зураг, дижитал зургийг токеноор үнэлээд гаргачихна. Зургийг нь скрийншот хийгээд ч юм уу татаад авчихаж болдоггүй юм уу гэсэн асуулт тавигдахыг үгүйсгэхгүй. Бүдүүн тоймоор зүйрлэвэл байрны ордертой адилхан. Хэн ч дуурайлгах боломжгүй. Тухайн зураг хаанаас яаж үүсээд ямар зам туулаад ирснийг хэн ч өөрчилж болохгүй нь блокчейний онцгой тал. Зураачид гээд ярихад л заавал жуулчдыг хүлээх шаардлагагүй, манай дээр гараад л зургаа дэлхийд зарах боломжтой. Урлаг, уран сайхан, дуу хөгжим гээд дэлхийд өрсөлдөж болох юу л байна бүгдэд гадаадын зах зээл нээлттэй боллоо гэсэн үг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд давтагдашгүй гэхээр цор ганц ширхэг зүйл гэж ойлгож болохгүй л дээ. “Эрмитаж” музей  “Madonna and child” уран зургийнхаа дижитал хувилбарыг таван ширхэгээр гаргаад сая гаруй ам.доллар босгосон жишээ байна. Ингээд л музейгээ засварлах мөнгөтэй болчихсон. Тэр зургийг худалдаж авсан хүн “Энэ зургийг дэлхийд тавхан хүн авсаны нэг нь би” гэж яриад суувал ямар сонсогдох нь ойлгомжтой. Блокчейн технологид суурилсан учраас “Эрмитаж”-аас гаргасан тэр зургийн нэгийг авсан гэдгийг нь дэлхийн хаанаас ч хэн ч харчих боломжтой.  

-Яриаг чинь сонсохоор бидний амьдрал дээрх нүүр нүүрээ харсан элдэв харилцаа блокчейн дээр суурилсан цахим орчинд дэлхийд нээлттэйгээр идэвхтэй өрнөөд явах нь гэж ойлголоо. Цукерберг саяхан фэйсбүүк  metaverse (олон хэмжээст ертөнц) компани болно, дараагийн үе рүүгээ шилжинэ гэсэн мэдэгдэл хийсэн. Танай компанийн ажиллах чигийг харахаар тэр зүг рүү хөл нийлүүлэх нь ээ дээ?

-Фэйсбүүкээр төсөөлбөл фэйсбүүкийн дараагийн үе гэж багцаалдаж болно. Ахиад фэйсбүүкээр төсөөлсөн жишээ авъя. 200 мянган дагагчтай дуучин тоглолтоо хийлээ гэхэд тасалбарыг нь аваад үзэх хүмүүсийн тоо хоёр, гурван мянгаар л хэмжигдэнэ. Лайк, шэйр ямар ч үнэлгээгүй.  Харин тэр дуучин NFT рүү гараад, хүмүүс тоглолтыг нь токеноороо үзээд эхэлбэл өөр. Өөрөөр хэлбэл сошиалын дараагийн үе бол юунд үнэ цэнэ өгсөн бэ гэдгээр хэмжигдэнэ. Тухайн хүний бүтээлийг мөнгөөрөө худалдаж авсан хүн л жинхэнэ үнэлгээ өгсөн гэсэн үг. Товчхондоо шинэ сошиал сүлжээний гол хэмжүүр нь энэ. “Ид шидийн орон”-ынхон хүүхдийн зургийн үзэсгэлэн гаргалаа гэхэд зургийг нь худалдаж авсан хүн хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Нэг уран бүтээлч хүндээр өвдөөд тоглолт хийлээ гэхэд тэр тоглолтыг нь токеноороо үзсэн хүн хандив өргөсөн гэсэн үг.

Ингээд харахаар хандив, хөрөнгө оруулалт ч NFT дээр байж болно. Ийм хөрөнгө оруулалт, тийм хандивыг тэдэн оны яг тэр өдөр хийж гэдэг нь хэзээ ч өөрчлөгдөхгүйгээр үлдчихээр тэр уран бүтээлчийн хувьд огт өөр төрлийн сошиал үнэлгээ гараад ирж байгаа биз.

Дараа нь таны лавлаж асуусан metaverse гэдэг юм үүснэ. Өөрөөр хэлбэл virtualworld буюу хийсвэр ертөнц л дөө. Бид аль хэдийнэ хийсвэр ертөнцөд орчихсон. Утсаа бариад фэйсбүүк, инстаграммд хэдэн цаг байчихдаг шүү дээ. VR төхөөрөмжийн хувьд тав, зургаан жилийн өмнө хөгжөөд эхэлчихсэн. Тоглоомонд аль арван жилийн өмнөөс нэвтэрсэн. Дэлгэц ширтээд өчнөөн цаг болж  байгаа юм чинь metaverse рүү шилжчихвэл хүн төрөлхтний хоёр дахь хийсвэр амьдрал нь болно. Цукербергийн мэдэгдлээс гадна сүүлийн хорин жилд гарсан технологийн маш олон компанид хөрөнгө оруулалт хийсэн Цахиурын хөндийн хамгийн том групп 2.5 тэрбум ам.доллар босгох төлөвлөгөөтэйгөөр блокчейн крипто руу гартал давж биелээд 3.1 тэрбум ам.доллар босгочихлоо. Тэд Америкт хамгийн томд тооцогдох Opensea гээд marketplace дээр 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн. Таны асуусанчлан бид дэлхийтэй хөл нийлүүлэх хүслээр компаниа байгуулсан. Цукерберг фэйсбүүкээрээ мөрий тавьчихлаа. Цахиурын хөндийн алдартай групп бас гурван тэрбум ам.доллараараа мөрий тавьсан. Тэдэнтэй адил мөрий тавья гээд бизнесээ эхэллээ. Алдсан ч Монгол улс музейгээ засах мөнгөө гаднаас татчихвал хожоод үлдэнэ. Уран бүтээлчид нь зургаа, хөгжмөө зараад мөнгөтэй болно. Дахиад хэлэхэд Монгол хожоод үлдэх нь л бодитой үнэн. Мэдээж эерэгээр эргэвэл Монгол улс дэлхийтэй хөл нийлүүлээд хөгжинө.

-Танайх ер нь аль чиглэлээр NFT  гаргаж байгаа вэ, хоёрдугаарт  NFT монголчуудын хувьд шинэ ойлголт учраас арай энгийнээр тайлбарлах гээд үзэх үү хоёулаа?

-Ерөнхийдөө “арт” чиглэлээр NFT гаргаж эхэлж байгаа. Чингис хааны алтан гэрэгэтэй төстэй гэмээр юм уу. Алтан гэрэгэтэй хүн Их Монголын аль ч газар дархан эрхүүдтэй байсан шиг токентой байх юм бол хаана ч хэзээ ч ашгаа хүртээд явна гэсэн үг. “Онц дүмд”-ийн фэн байгаад токеныг нь авсан бол яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Жишээ нь энэ сарын 31-нд “Онц дүмд”-ын тусгай анги олон нийтэд цацагдана. “Онц дүмд”-ийн таван токеныг бүгдийг нь авсан хүн энэ ангийг нь долоо хоногийн өмнө, нэг токенийг нь авсан бол гурван хоногийн өмнө үзнэ. Нэг ёсондоо энэ контентын хувьцааг авсан гэсэн үг. Тэд цаашаа томорч, хөгжих тусам токеных нь үнэлгээ өсөөд явна гэж ойлгож болно. Гэхдээ токеноо гаргасан уран бүтээлчид цаашид яаж хөгжих вэ гэдэг бидний хэрэг биш. Бид зураач, тогооч, криптотрэйдер гээд маш олон хүнтэй харилцаж байгаа учраас токен гаргасан хүн бүртэй тулж харилцаад явах боломжгүй. Хүмүүс нарийн учрыг нь  ойлгоод ирэхээрээ өөрсдөө ойлгодог, боддог болно.

-За ямартай ч Монголын урлаг дэлхий рүү гарах боломж нээгдэж байгаа нь маш том давуу тал юм байна. Үндэсний урлагаараа дэлхийд гарах боломж угаасаа бий. Бид өөр юугаараа дэлхийд үнэлүүлэх, дэлхийгээс доллар олж ирэх боломжтой бол?

-Монгол сонирхох түүхтэй орон. Их хаадын түүх, Занабазар, шашин, уртын дуу, морин хуур гээд дэлхийд гарах, дэлхийгээс доллар татах боломж өчнөөн бий. Занабазарын Ногоон дарь эх, Хубилай хааны алтан сэлмийг Эрмитаж шиг дэлхийд гаргаад зарвал авах хүн олон байгаа.  Дахиад хэлэхэд энэ бүтээлүүдийг биет биш дижитал хэлбэрээр зарна. Жуулчид ирэхээрээ Богдын музей, Гандантэгчинлэнгээр ордог. Одоо тэр хүмүүс гэртээ сууцгааж байна. Манай үүсгэсэн платформоор дамжаад гэрээсээ музей үзэх боломжтой. Наадам, цагаан сарыг виртуалаар хийвэл маш олон хүн сонирхоно. Товчхондоо  дэлхийд Монголынхоо соёл, түүхийг  шууд зарна гэсэн үг. Эхлээд түүх, соёлынхоо бүтээл өвийг гаргаад дараа нь авьяастай шинэ хүмүүсээ гаргая гээд зорьсон зүйл их бий. Ингэснээр соёл урлаг, зураг хөгжинө, бүтээлч хүмүүсийн үнэлэмж өснө. Бидний сонирхож байгаа өөр нэг талбар бол тоглоом. Холливудын зах зээлээс илүү их мөнгө эргэлдэж байдаг зах зээл. Бидний үед гоё пүүз авч нэгэндээ гайхуулдаг байсан бол одоо шинэ үеийнхэн тоглоомон дээр шинэ сэлэм авснаа гайхуулдаг болсон. Формула E гээд сая гаруй хүнтэй тоглоом бий. Би жишээ нь Монгол NFT компанийн Формула багийг Формула E дээр үүсгэж болно. Хамгийн сайн дугуйнуудыг зах зээлээс нь үнээр зодож аваад машин дээрээ “Монгол NFT” гэсэн логотой уралдаад түрүүлчихвэл сая хүн гайхна. Дэлхий рүү гарч байна гэсэн үг. Тоглоомын компаниуд энэ ертөнц рүү асар хурдтай орж ирж байна. Бид энэ чиг рүү явна. Мэдээж гадаадынхантай адил контент хийвэл явцгүй. Монгол гэсэн дижитал ассетаа гаргаж ирэх ёстой. Жишээ нь “Мишээл Амазонка”-гийн дээлийг монгол “Пабжи”-гийн хүүхдүүд  өмсөөд явбал бид дэлхийд гарч байна гэсэн үг.  Америкийн хүүхдүүд тэгж чадахгүй. Хийхийг ч хүсэхгүй.

-Их олон юм хийхээр зорьж төлөвлөж байгаа юм байна. Ярьсан бүхнээ ажил болгох хөрөнгө мөнгөний бололцоо хэр байгаа вэ?

-Эх орныхоо соёлын салбар руу доллар оруулж ирэх ажлыг эхлүүлсэндээ, доллар олж ирэхээс гадна соёлоо дэлхийд түгээх эхлэлийг тавьсандаа сэтгэл дүүрэн байгаа. Эхлээд өөрсдөдөө байгаагаа дэлхийд гаргана. Цаашлаад хийх зүйлсээ ажил болгоход мэдээж бидэнд мөнгө хэрэгтэй. Тийм учраас яаралтай хугацаанд койноор хөрөнгө босгоно. Монгол NFT-гийн койн гэж бий. Хөрөнгө босгосныхоо дараа токеноороо кино үздэг сервис, тоглоом гэх мэтийг оруулж ирнэ. Дараа нь metaverse дээр төвлөрч ажиллана. Бид тэр ертөнц дээр Монгол гэдэгэдгээрээ л үлдэнэ. Metaverse  дээр “Мишээл Амазонка”-гийн бүтээл үнэлэгдээд явж байх ёстой. Хэзээ хожим үнэ цэн нь хэдэн арав дахин өсөхийг төсөөлөх аргагүй. Монголын түүх, соёлын контентуудаа тэр ертөнцөд хүргэх ёстой. Энэ бол өмнө байгаагүй бизнес модель. Эцэст нь хэлэхэд соёл урлагаа сурталчилна гэдэг үндэстэн сэргэхийн үндэс. Хүүхдүүдийг сүм музей рүү хүчилж дагуулж очиж  бурхан үзүүлээд үр дүн багатай. Харин 1924 оны газрын зургийг NFT болгож хүүхдүүдэд өгөх ёстой. Ийм замаар хүүхдүүд сүм музейд  байгаа бурханыг Занабазар гэдэг агуу хүн бүтээснийг, тэр хүнийг дэлхийд Дорнын Микеланжело гэж хүндэтгэдгийг мэдчихнэ. Үүнийг мэдсэн хүүхэд үндэстнээрээ бахархах сэдэл, хандлагатай болно гэж ирээд яривал эерэг тал их л дээ.

 

Ц.Баасансүрэн

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.