Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

Эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход юу саад болж байна вэ?

ikon.mn
2021 оны 10 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын хүн амын 50% эмэгтэйчүүд, 30% залуучууд эзэлдэг. Гэтэл яг одоогийн байдлаар төрийн эрх барих дээд байгууллага буюу 2020 онд сонгогдсон УИХ-ын чуулганы танхимд эзлэх эмэгтэйчүүдийн төлөөлөл ердөө 17%, залуучуудын (18-35 насны иргэд) төлөөлөл 1% байна. Өөрөөр хэлбэл улс төрийн салбарт эмэгтэйчүүд, залуучуудын дуу хоолой, бодит оролцоо илт дутмаг байгаа юм.

Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) -гийн хэрэгжүүлж буй "Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь" хөтөлбөрийн хүрээнд БНОУХ, салбар Эмэгтэйчүүдийн Ардчиллын Сүлжээ байгууллагуудын боловсруулсан “SheVotes” аргачлалаар хийсэн “SheVotes Mongolia: Эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүд” судалгааны тайлангаас харахад Монгол эмэгтэйчүүд, залуучуудад улс төр, сонгуулийн процесст идэвхтэй, ижил тэгш оролцоход тулгардаг хамгийн томоохон саад бэрхшээлүүд нь засаглалын шинж чанартай байна.

Энэхүү судалгаагааг нийгмийн энтерпрайз төрлөөр үйл ажиллагаа явуулдаг байгууллага болох Эдүкэйтэд Энтерпрайз нь SheVotes олон улсын судалгааны аргачлалыг Монголын нөхцөлд байдал, онцлогт тохируулан, чанарын ба тоон хосолмол судалгааг нийгэм, эдийн засаг, соёлын ялгаатай олон төрлийн бүлгийн төлөөллийг хамруулж хийсэн үндэсний хэмжээнд гүйцэтгэсэн байна.

SheVotes гэж юу вэ?

Энэ бол улс төрийн оролцоонд тулгарч буй саад бэрхшээлүүдийг засаглалын (хууль эрх зүй, институцийн), нийгэм – соёлын, хувь хүний талаас нь судалдаг аргачлал бөгөөд энэхүү аргачлалыг 38 жилийн түүхтэй БНОУХ-гээс боловсруулжээ. Улс төрийн оролцоо, тэр дундаа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд саад тотгор болж буй асуудлуудыг тодорхойлоход зөвхөн аль нэг, эсвэл хэд хэдэн хууль эрхзүйн заалт, дүрэм журам, нийгмийн хүчин зүйл, соёлын норм, хувь хүний хөгжлийн хүчин зүйлсийг сонгон авч үзэх хангалтгүй байдаг. Ихэнх саад бэрхшээлүүд нь бие биенээсээ харилцан хамааралтай тогтолцооны асуудал байдаг бөгөөд гаргалгаа нь ч мөн адил зөвхөн аль нэг салбарын асуудал шийдсэнээр хэмжигддэггүй. Тиймээс SheVotes аргачлал нь асуудлыг нийгмийн харилцааны гурван өөр түвшинд нарийвчлан судлах боломж бүрдүүлдэг учраас засаглал, тогтолцооны буюу системийн асуудлыг олж илрүүлэх, зөв тодорхойлох хамгийн оновчтой шийдэл ажээ. Ингэхдээ судлагдахууны байр суурийг эхлээд улс төрчийн зүгээс, нөгөө талдаа сонгогчийн зүгээс гэсэн хоёр талаас нь авч үздэг.

Судалгааны онцлох үр дүн: “Бохир улс төр” хэмээх ойлголт

 

Судалгаанд оролцсон иргэдийн санал асуулгаар эмэгтэйчүүд, залуучууд улс төрд идэвхтэй оролцоход засаглал, нийгэм соёл, хувь хүний аль ч түвшинд хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа зүйл бол “улс төр бол бохир” гэж үздэг нийтлэг сөрөг ойлголт гэсэн дүгнэлт гарчээ. Олон нийтийн дунд буй энэхүү ойлголтын улмаас ялангуяа эмэгтэйчүүд, залуус цоо шинээр улс төрийн салбарт орохоос зайлсхийх, улс төрд орсноор хувь хүний хувьд нийгэмд нэр хүндгүй болохоос эмээх, олон нийтийн сөрөг хандлагаас халшрах гэх мэт үзэгдэл бодитоор оршиж байгаа бөгөөд засаглалын хувьд одоогийн улс төрчид болон эрх баригчдын үйлдэж буй “бохир” үйлдлүүд нь энэхүү ойлголтыг улам бататгасаар байна.

Засаглалын түвшний саад бэрхшээл

 

Монгол улсад эмэгтэйчүүд, залуучууд идэвхтэй, ижил тэгш улс төр, сонгуулийн процесст оролцоход маш олон саад бэрхшээл тулгардаг. Тэдгээрээс засаглал, тогтолцоотой холбоотой судалгааны тайланд санхүүгийн хувьд намаас нэр дэвшигчид намдаа өндөр дүнтэй “дэнчингийн мөнгө” өгөх шаардлага, ухуулагчтай байх гэх мэтээр сонгуулийн кампанит ажлыг хэт өндөр зардалтай хийх болсон зарим хуульчилсан заалтууд, төрийн намуудад элсэн орсон эмэгтэй, залуу гишүүдэд намын менежментийн систем, дэмжлэг үзүүлэх зарчим нь ойлгомжтой ил тод байдаггүй, улс төрийн намуудын үйл ажиллагааны дотоод соёлын онцлогт дасан зохицох шаардлага гэх мэт гол бэрхшээлүүдийг онцолсон байна. 

Хэдийгээр жендэрийн квотыг сонгуулийн тухай хуульд оруулж эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоонд тодорхой ахиц гарч байгаа ч бодит байдал дээр аль нэг хүйсийн төлөөлөл 20%-иас багагүй байна гэж минимум шаардлага буюу босго зааж өгсөн нь олон гишүүдтэй улс төрийн намын эмэгтэй улстөрчид/нэр дэвшигчдийн хувьд “босго” биш байж болох хамгийн өндөр хувь буюу “тааз” болж, улс төрийн намууд эмэгтэй гишүүдээ нэр дэвшүүлэхдээ энэхүү минимум шаардлагаас давж гарахгүй байна.

Нийгмийн болон хувь хүний саад бэрхшээлүүд

 

Соёл уламжлалын онцлогийн улмаас хэдийгээр Монгол эмэгтэйчүүд харьцангуй бие даасан, өндөр боловсролтой, иргэний нийгмийн идэвхтэй оролцогчид боловч уламжлалт эмэгтэйчүүд гэр орны ажлаа хийх, хүүхдээ асрах үүргүүдийг илүү хүлээх ёстой гэсэн ойлголт байсаар байна. Энэхүү ойлголтоос эмэгтэйчүүдэд тодорхой хэлбэрийн хүлээлт үүсч, эмэгтэйчүүдийг иргэний оролцоогоо илүү нэмэгдүүлж, улс төрийн карьер хөөхөд саад болдог ажээ. Ялангуяа хөдөө орон нутагт энэхүү ойлголт илүү хүчтэй байдаг бөгөөд эмэгтэйчүүдийг ахуйн чанартай жижиг хэмжээний асуудлуудыг л хариуцах чадамжтай, сайн гүйцэтгэгчид боловч шийдвэр гаргах чадамжгүй гэж үздэг түгээмэл явцуу ойлголтууд өнөөдрийг хүртэл бодитоор оршиж байгаа юм. Харин залуучуудын хувьд шинэ эрч хүч, хүсэл эрмэлзлэл, ахисан түвшний орчин үеийн дэвшилтэт боловсон хүчин гэж харахаасаа илүүтэй түүхий, улс төрийн болон амьдралын туршлага дутмаг гэж өнгөц дүгнэх үзэгдэл маш түгээмэл байна. Эдгээр нийгэм соёлын ойлголтууд эмэгтэйчүүд, залуучуудын улс төрийн шийдвэр гаргалтад оролцоход шууд болон шууд бусаар сөрөг нөлөө үзүүлдэг ажээ.

Харин хувь хүний саад бэрхшээлүүдийн тухайд улс төрийн карьер хөөх нь өөрөө маш их тэвчээр, санхүү, цаг хугацаа, ур чадвар, боловсролын нөөц, боломж бололцоогоо дайчлах ихээхэн золиос шаарддаг учир дийлэнх нь хувь хүний цаг зав, амьдралын хэв маягтай нь холбоотой гэсэн дүгнэлт гаргасан байна.

Судалгааны үр дүнд гаргасан зөвлөмжүүд

Энэхүү судалгааны ажлын гол онцлог нь зөвхөн тулгарч буй асуудлыг тодорхойлоод зогсохгүй дээр дурдсан гурван түвшинд гаргасан дүгнэлтүүдэд суурилсан шат шатны байгууллага, институцэд хүргүүлэх зөвлөмжийг багтаасан байна.

Жишээ нь Хууль эрх зүй, бодлогын түвшинд Сонгуулийн Ерөнхий Хороо, УИХ ба ЗГ-ын гишүүд,  парламентад суудалтай улс төрийн намуудад хандан дараах зөвлөмжүүдийг өгчээ. (Хэсэгчлэн авав)

  • Сонгогчдын боловсролыг дээшлүүлэх чиглэлээр хүүхэд, залуучууд, ахмад настнууд зэрэг насны бүлэг тус бүрд чиглэсэн цогц хөтөлбөрийг зөвхөн сонгуулийн жилтэй үед бус тогтмол хэрэгжүүлж, үр дүнг хянаж, дахин сайжруулах замаар үндэсний хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх
  • Нам дотроо эмэгтэйчүүд, залуучуудын оролцоог дэмжсэн хүний нөөцийн бодлогыг боловсруулж, менторшип зэрэг шинэлэг, үр дүнтэй хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, хэрэгжилтийг дүгнэж, тогтмол сайжруулдаг байх
  • Шийдвэр гаргах процесст эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах үүднээс ажлын бус цагаар, зөвхөн эрэгтэйчүүдээрээ нийлж (тухайлбал, “эрчүүдийн клуб”) ажил ярилцаж, шийдвэр гаргадаг байдлыг зогсоохыг дэмжсэн байгууллагын соёл нэвтрүүлэхийг зорих
  • Намын дотоод дүрэм, журамдаа жендэрийн минимум квотоос дээш гарсан жендэрийн квоттой холбоотой зэрэг заалтууд нэмж тусгах
  • Эмэгтэйчүүдийн квот, гадаадад байгаа Монголчууд цахимаар саналаа өгөх боломжоор хангах, нэр дэвшигчид намдаа “дэнчингийн мөнгө” өгөхийг хориглох зэрэг хуульчилсан боловч бодит байдал дээр хэрэгжихээрээ хуульд зааснаас өөрөөр хэрэглэгдэж буй хуулийн зүйл, заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулах, тодотгох юм уу хариуцлага тооцох чиглэлээр нэмэлт зүйл заалт оруулах

Нийгэм, олон нийтийн ба хувь хүний түвшинд

Иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтэд хандаж хэрхэн үйл ажиллагаа явуулах, жендэрийн мэдрэмжтэй контент материал бэлдэх тал дээр түлхүү анхаарч зөвлөмж гаргаснаас жишээ дурдвал:

  • Зөвхөн олон нийтийн гэлтгүй шийдвэр гаргагчдын жендэрийн мэдрэмжийг дээшлүүлэх үйл ажиллагааг хэвлэл мэдээлэл болон сошиал нөлөөлөгчидтэй хамтран хэрэгжүүлэх
  • Эмэгтэйчүүд, залуучууд улс төр, сонгуулийн тогтолцоонд илүү идэвхтэй, эрх тэгш оролцсоноор нийгэмд авчрах эерэг үр дүн, нөлөөллийг судалж, баримттайгаар гаргаж олон нийтийг мэдээллээр хангах. Тухайлбал, сонгогчдын боловсролд чиглэсэн тогтмол контент бэлтгэж, улс төрийн сенсаац, томоохон шийдвэрүүдийг мэдээлэхээс
  • Эмэгтэйчүүд, залуучууд, улс төр, сонгуулийн талаарх хэвшмэл ойлголтуудаа эвдэж, хүн тус бүр, сэдэв тус бүрийг ялгаж салгаж, илүү хэрсүү, мэдээллийн үнэн бодит байдалд дүн шинжилгээ хийж, аливаа шийдвэрийг гаргаж, үг үйлдэл хийдэг байх

Эцэст хувь хүний талаас эмэгтэй болон залуу улс төрчид хэрхэн “сэтгэлзүйн дархлаа”-г өөрсдөдөө бий болгох, мэргэжлийн болон хувийн хүрээллээ зөв бүрдүүлж, улс төр, сонгуулийн тогтолцоонд хамтран ажиллах багаа бүрдүүлэх, сонгогчийн байр суурьнаас бол ирээдүйн нийгмийн төлөө үүрэг хариуцлагаа ухамсарлан хэн нэгний ятгалаг, мөнгөн болон мөнгөн бус хэлбэрийн хахууль, бэлэг сэлтэд хуурталгүй, сонгуулиа идэвхтэй, бодлоготой өгөх сэтгэхүйд чармайн суралцаж, хэвшүүлэх гэх мэт бодит, аль ч шатанд хэрэгжүүлж болохуйц зөвлөмжүүдийг гаргасан байна.

Энэхүү судалгааны тайланг олон нийтэд нээлттэй, татаж аваад хэрэглэх боломжтой байдлаар байршуулах бөгөөд БНОУХ-гийн (www.iri.org) болон Эдүкэйтэд Энтерпрайз компанийн (www.educated.mn) цахим хуудсуудад тус тус байршуулах ажээ.