Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Биткоин олборлогчид цахилгаан станц худалдаж авдаг болжээ

Р.Түвшин, iKon.mn
2021 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Криптовалютыг олборлоход асар их эрчим хүч хэрэглэж, ингэснээр байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлдэг тухай байнга ярьдаг.

Тухайлбал биткоиныг олборлохын тулд математикийн нарийн түвэгтэй бодлогыг өндөр хүчин чадалтай компьютерээр бодуулдаг ба үүнд их хэмжээний эрчим хүч зарцуулагддаг юм.

Тэгвэл биткоин олборлогч компани өөрийн цахилгаан станцтай болсон тухай мэдээлжээ.

АНУ-ын Пеннсилвань мужийн Stronghold Digital Mining компани өнгөрсөн зун орон нутгийн Scrubgrass нэртэй жижиг цахилгаан станцыг $105 саяар худалдан авч, зөвхөн биткоин олборлох үйл ажиллагаандаа ашиглах болсон байна.

Тус станц нь нүүрсний хог хаягдлыг шатаах замаар эрчим хүч гаргадаг ба энэ нь 1,800 олборлогч компьютерийг хангалттай ажиллуулдаг тухай Stronghold компанийн АНУ-ын үнэт цаасны хороонд гаргасан өргөдөлд мэдээлжээ.

Тус компани хувьцаагаа олон нийтэд зарж эхлэх зорилгоор өргөдөл гаргасан юм байна.

Stronghold цаашдаа дахин нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд худалдаж авах төлөвлөгөөтэй байгааг уг өргөдөлд бас бичжээ.

Блүүмбэргийн мэдээлснээр Stronghold-ийн худалдаж авсан станц нүүрсний хог хаягдлыг эрчим хүч гаргахад ашигласныхаа төлөө Пеннсилвань мужаас татварын хөнгөлөлт эдэлдэг гэнэ. Үүний үр дүнд тус компанийн нэгж биткоин олборлох зардал $3,000 орчим болж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар биткоины зах зээлийн ханш $43,000 орчим байгаа ба эндээс Stronghold компани хэр ашигтай ажилладаг нь харагдаж байна.

Дэлхий даяар биткоин олборлох үйл ажиллагаанд 130 Тераватт/цаг эрчим хүч зарцуулж байгааг Кэмбрижийн Их сургуулийн судлаачид тооцоолсон байдаг. Үүний улмаас 10 сая хүн амтай Йордан улсын ялгаруулдагтай ижил хэмжээний хүлэмжийн хий агаар мандалд цацагдаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Mashable