Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хөлдөө коньки угласан “ноён White”

ikon.mn
2021 оны 9 сарын 27
Сурталчилгаа

Эх орны баруун хязгаарт, уулын голын мөсөн тэлээн дээр, эсгий гуталдаа “канки” боож тоглож өссөн хүү хожмоо Үндсэн хуулийн гэгддэг Б.Чимэд багшийнхаа туслах болж, шинэ үндсэн хууль дээр гардан ажиллаж, анхны Ерөнхийлөгч П.Очирбатын шадар туслахаас ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Тамгын газрын дарга, салбаруудын сайд гээд төрийн өндөр албанд чамгүй зүтгэжээ. Олон улсын индэр дээрээс англиар илтгэл тавьж, АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд хувиараа шахуу уригдаж чаддаг түүнийг “ноён White” гэчихье...

 

Монголынхоо өрсөлдөх чадварыг “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв”-өөрөө дамжуулан рентгинээр харж байгаа эмч мэт оношилж суудаг түүнийг олон улсын нэгэн хуралд оролцож байх үеэр, Канад эрхэм: -“Манайх танайх хоёр хоёулаа хүйтэн нийслэлтэй юм байна. Танайд одоо хичнээн мөсөн ордон, каток байдаг вэ?” гэж асуужээ. Гэтэл мань хүн жаахан эвгүй байдалд орж “Манайх бол өвөл нь их урт учир задгай талбайд, нууран дээр бас гулгадаг юм аа” гээд дундыг нь бариад туучихсан гэдэг.

Харин Канад эрхэм “Тийм ээ тийм, задгай талбайд гулгах бас гоё л” доо гээд л өнгөрсөн байна. “Тэр үед за арайч дээ л гэж бодсон шүү. Монголдоо ирээд сонирхоод үзсэн чинь 100 гаруй жилийн өмнө Канадад анхны битүү мөсөн ордон баригдаж байсан байгаа юм. Одоо хэд байдаг юм бол гээд харсан чинь 2500 гаруй мөсөн катоктой байсан. Тэгээд тэр үеэс эхэлж бодож явсаар Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэх төсөл хэрэгжүүлэх санаа маань бүтэх нөхцөл бүрдсэн дээ” хэмээн төслийг хэрэгжүүлэгч  “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ын дарга Пунцагийн Цагаан ярьж байлаа.   

Тэрээр хөлдөө “канки” углаж үзсэн хүн бүрийн хүүхэд бүрийн мөрөөдлийг биелүүлнэ хэмээн нийтийн, нийгмийн мөрөөдлийг биелүүлэх цасан цагаан замын тухай ярьж байжээ. Гэтэл Ульяновскт болсон “Орос-Спортын их гүрэн” форумын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ОХУ-ын Шайбтай Хоккейн холбооны Ерөнхийлөгч Владислав Третьяк уулзах үеэрээ нэгэн чухал зүйлийг шивнэсэн тухай Оросын сайтад бичиж байсан. В.Третьяк “Монголчуудын бидэнд хандах хандлага нь таатай байгаа энэ үед хоккейн ордныг нь бариад өгчих хэрэгтэй. Тэгж байтал Канадчууд бариад өгчихөж мэднэ шүү дээ” хэмээн Монголчуудын сонирхол мэтээр  В.Путинд лоббиджээ. Алдарт В.Третьякийг Монголд ирэх үеэр нь Монголын Байт Харвааны холбооны Ерөнхийлөгч, “Степпе Арена” ХХК-ийн ТУЗ-ын дарга П.Цагаан тэргүүтэй хүмүүс уулзаж, хоккейн ордон барих гэж байгаагаа дуулгасан нь ийнхүү ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонорт хүрч байжээ.

Гэвч цасан цагаан олимпод ирээдүйд амжилт гаргах зорилгоор, нийгмийн мөрөөдөл биелүүлэх анхны битүү мөсөн ордонг Монголчууд өөрсдөө барихаар эхнээсээ л шийдчихсэн байсан учир, үндэсний компаниуд маань 2019 оны хавар эрт санаачлагаа аваад хөдлөөд амжжээ.

Улаанбаатар дахь Канадын консулын газар Монголчууд битүү мөсөн ордон барих гэж байгаа тухай олж мэдээд, Канадын Ванкуверийн алдарт архитекторч Марк Хенцтэй зураг төсөл дээр хамтрахыг санал болгожээ. Асуудал “ноён white”-ийн тооцоолсоноор өрнөж,“Мөсөн өргөө” ордон барих төсөлрүү Канад, ОХУ гээд дэлхийн хоккейн шилдгүүд анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Өвөл зуны битүү мөсөн ордны зураг төслийг нь канадын Ванкуверийн архитекторч Марк Хенцийг оролцуулан Монголын Анаграм ХХК-ийнхан гүйцэтгэжээ. Хенц хэлэхдээ “Бүх зүйл төлөвлөсний дагуу өрнөвөл Монголчууд 2019 оны хавар Мөсөн ордноо барьж эхэлнэ. Тэр үед задгай мөсөн талбайнууд ч хайлж талын хөрсөнд шингэсэн байх болно” хэмээсэн байдаг. Тэгвэл П.Цагаан “Өвлийн олимпод хоёр тамирчин хорин дарга оролцдог байдлыг хална” хэмээн итгэлтэй дуугарч байв. “Мөрөөдөл биелэх Мөсөн өргөө” ордон төслийг хэрэгжүүлэгчээр П.Цагааны өөрийнх нь удирдлаганд байдаг “Степпе Арена” ХХК ажилласан бол, төслийн гол санхүүжүүлэгчээр балансаас хасагдсан хаягдал овоолгоос баялаг бүтээж байгаа “Ачит Ихт” ХХК ажиллаж, МАК ХХК,  Юнайтэд Прожектс Корпорэйшн ХХК-иуд ч Монголчуудынхаа мөрөөдлийг биелүүлэх их үйлсэд дэмжлэг үзүүлжээ.

Уулын голын мөсөн халиан дээр, эсгий гуталдаа “канки” боож тоглож өссөн хүү, өдгөө өөрийнхөө санаачилсан, үндэсний компаниудынхаа бүтээн байгуулсан “Мөсөн өргөө” ордондоо бусдын нэгэн адил гулгаж, гадныханд бид, “Монгол мөсөн ордонтой” хэмээн нүүр бардам хэлэх эрхтэй боллоо.

 

Мега төсөл гэхээр зөвхөн Оюутолгой ,Тавантолгойгоо яриад эхэлдэг монголчууд бидэнд, том төсөл гэдэг, том мөрөөдлөө хамтарч бүтээхийг ч бас хэлдэг юм байна гэдгийг “ноён White” болон Монголын үндэсний компаниуд Мөрөөдөл биелэх “Мөсөн өргөө” төслөөрөө харуулж байна.

 

Сэтгүүлч Жарантайн Соёл-Эрдэнэ

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.