Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

COVID-19-ийн эсрэг вакцинд огт хамрагдаагүй 120,000 гаруй иргэн байгаа нь хүн амын 3.7 хувийг эзэлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсад өнөөдрийн байдлаар хүн амын 69.1 хувь буюу 2,246,445 хүн коронавирусийн эсрэг вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Үүнээс 2,113,931 хүн буюу хүн амын 65 хувь нь хоёрдугаар тунг хийлгээд байгаа.

Тэгвэл вакцины хоёр тунг хийлгээгүй үлдсэн 35 хувьд ямар хүмүүс багтаж байна вэ?

Манай улс 12-оос дээш насны бүх иргэдээ дөрвөн төрлийн вакцинаар дархлаажуулж буй. Харин вакцинд хамрагдах боломжгүй хүн ам буюу 0-11 насны 903,758 хүүхэд байгаа нь 27.7 хувийг эзэлж байна.

Мөн вакцины нэг тунд хамрагдсан ч хоёрдугаар тунг хийлгээгүй 120,000 гаруй хүн байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Тэдгээр иргэний тухайд эхний тунг хийлгэсэн ч халдвар авсан эсвэл урвал хүндрэл өгсөн, хоёрдугаар тунг хийлгэх хугацаа нь арай болоогүй зэрэг тодорхой шалтгааны улмаас хийлгээгүй тухай ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр вакцинд хамрагдаагүй үлдсэн хүмүүсийн талаар “Хүн амын 69 хувь нь нэгдүгээр тундаа хамрагдаад байгаа нь тулсан тоо гэж ойлгож болно. Учир нь 0-11 насны нэг сая орчим хүүхэд, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд вакцин хийлгээгүй үлдсэн 31 хувьд багтаж байгаа.

Вакцины хоёр тунд хамрагдаагүй үлдсэн гэвэл нэг тунгаа хийлгээд хоёр дахиа хийлгээгүй байгаа 120,000 гаруй хүний асуудал л яригдана гэхэд болно. Гэхдээ бас вакцины эсрэг заалттай эсвэл огт хийлгэхгүй гэж байгаа хүмүүс ч бий. Тэр нарийн тоон мэдээлэл одоогоор байхгүй. Ямартай ч манай улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт дээд хэмжээндээ явж байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Тэгвэл,

  • Хоёрдугаар тунг бүрэн хийлгэсэн 2,113,931 хүн буюу хүн амын 65 хувь,
  • 0-11 насны 903,758 хүүхэд буюу хүн амын 27.7 хувь,
  • Нэгдүгээр тундаа хамрагдсан ч хоёрдугаар тунг хийлгээгүй 120,000 иргэн хүн амын 3.6 хувийг эзэлж байгаа гэж үзвэл үлдсэн 3.7 хувь буюу ойролцоогоор 120,000 гаруй хүн вакцинд огт хамрагдаагүй гэж тооцож болохоор байна.