Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Норвегичуудын хувьд түүхэн шийдвэр гаргах сонгуулийн өдөр ирж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу Даваа гарагт Скандинавын хойгийн Норвеги улсад парламентын сонгуулийн санал хураалт болох юм.

Баруун Европын хамгийн том газрын тос, байгалийн хийн олборлогч энэ улс цаашдаа ямар замаар хөгжих нь энэ сонгуулийн үр дүнгээс тодорхой болно.

Сүүлийн үед байгалийн хий, газрын тосны олборлолтоос татгалзах хугацаатай амлалт авахыг НҮБ зэрэг олон улсын байгууллагууд Норвегийн эрх баригчдаас шахаж, шаардах болсон.

Үүнтэй зэрэгцэн тус улсын Ногоон намын байр суурь нэмэгдэж, гишүүнчлэл нь 30 орчим хувиар өссөн байна. Тус нам газрын тос, байгалийн хийн эрэл хайгуулыг даруй зогсоож, 2035 оноос эхлэн олборлолтыг нь бүрэн хориглох зорилготой ажиллаж байгаа.

“Тавдугаар сард НҮБ-ын олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан “Net Zero” тайлан олборлолт цаашид явагдах боломжгүй болсныг харуулсан. Энэ сонгууль уур амьсгалын сонгууль болж байна” гэж Норвегийн Ногоон намын дэд дарга Арилд Хермстад ярьжээ.

Норвеги улс нь өөрөө сэргээгдэх эрчим хүчний хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг юм. Эрчим хүчнийх нь 95 орчим хувийг усан цахилгаан станцууд үйлдвэрлэдэг. Зарагдаж буй 10 шинэ автомашин тутмын долоо нь цахилгаан хөдөлгүүртэй байдаг ба үүнийг төрөөс дэмжсэн бодлого хэрэгждэг юм.

Гэвч энэ улсын экспортын 40 хувь нь газрын тос, байгалийн хий байдаг. Энэ салбарт тус улсын нийт ажиллах хүчний 7 хувь буюу 200,000 хүн ажилладаг байна. Газрын тос, байгалийн хийн орлогоороо тус улс дэлхийн хамгийн том баялгийн санг байгуулсан нь одоо $1.3 их наядын хөрөнгөтэй болоод байгаа.

Хэрвээ энэ том орлогоосоо салбал Норвегичуудын амьдралын стандарт муудаж, эдийн засаг доройтох эрсдэлтэй байна.

Тиймээс одоогийн эрх баригч Консерватив, гол сөрөг хүчин Лэйбор намууд газрын тос, байгалийн хийн олборлолтыг 2050 он хүртэл үргэлжлүүлж, үүнээс олсон орлогоороо ногоон эрчим хүчний шилжилтэд хөрөнгө оруулах бодлого дээр санал нэгджээ.

Хэрвээ Норвеги улс олборлолтоосоо татгалзвал өөр аль нэг улс орон зайг нь нөхөх тул богино хугацаанд үр дүн гарахгүй гэсэн тайлбарыг тэд өгч байгаа юм.

Ямартай ч энэ сонгуулиар Ногоон нам парламентад суудалтай болж, засгийн газрын бүрэлдэхүүнд орвол газрын тос, байгалийн хийн олборлолтыг зогсоох хугацааг ойртуулахын төлөө тэмцэх нь тодорхой байна.

Гэхдээ энэ маргаан тийм амархан шийдэгдэхгүйг Норвегийн улс төрчдийн эрс тэс байр сууриуд харуулж байгаа. “Өнгөрсөн долоо хоногт болсон мэтгэлцээний үеэр би Консерватив намын нэг нэр дэвшигчээс олборлолтыг зогсоох хугацааны талаар саналыг нь асуухад тэр 300 жил гэж хариулсан” хэмээн Хермстад ярьж байна.

 

Эх сурвалж: The Guardian