Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийг нь авахын тулд талийгаач эхийнхээ шарилыг мумми болгосон эрийг Австрид баривчилжээ

Т.Давааням, ikon.mn
2021 оны 9 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Жил гаруйн өмнө 89 настайдаа талийгаач болсон эмэгтэйн хатаасан шарилыг Австрийн цагдаа нар Иннсбрук хотоос илрүүлснээ өчигдөр мэдээлжээ.

Эмэгтэй өнгөрсөн оны зургаадугаар сард нас барсан юм байна. Гэтэл түүний 66 настай хүү тэтгэврийн мөнгийг нь үргэлжлүүлэн авахын тулд эхийнхээ шарилыг оршуулалгүй хадгалж байжээ.

Эхлээд тэр шарилыг мөстэй саванд хөлдөөсөн байна. Дараа нь шарилыг даавуугаар ороож, шингэнийг нь гадагшлуулсаар хатаасан байжээ. 

Дүү нь эхийгээ сураглахад тэр “эмнэлэгт хэвтсэн” гэж хэлдэг байсан байна. Ийм аргаар сэжигтэн сар бүр улсаас олгодог тэтгэврийн чекийг шуудангаар хүлээж авч байжээ.

Харин саяхан шинэ шуудан зөөгч ажилд орж, тэтгэвэр хүлээн авагчтай биечлэн уулзахыг хүссэнээр хэрэг илэрсэн байна. Хүү нь эхтэйгээ уулзахыг зөвшөөрөхгүй байсан тул шуудан зөөгч цагдаад хандсанаар Бямба гарагт шарилыг гэрээс нь илрүүлжээ.

Сэжигтэн 2020 оны зургаадугаар сараас хойш нийтдээ 50,000 еврогийн тэтгэврийг залилж авсан байна. Задлан шинжилгээгээр хүү нь эхийнхээ амийг хөнөөгөөгүйг баталжээ. Сэжигтэнд залилан, хүний цогцос нуусан хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.

 

Эх сурвалж: AFP