Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Амаржаргал: Ажлын хэсгийнхний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг талархан хүлээн авч, хамтран ажиллахад бэлэн

ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
 
Гэрэл зургийн эх сурвалж: Өнөөдөр сонин

“Рио тинто” группийн Монгол Улс дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргалтай ярилцлаа.

-Саяхан Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс “Рио тинто” группийн Ерөнхий сайдад хүргүүлсэн захидалд дурдсан саналуудын талаар мэдээлэл хийсэн. “Рио тинто” уучлал гуйж, хамтрах санал хүргүүлсэн гэх мэдээлэл өгсөн. Энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-“Оюутолгой” төсөл бол олон зүйлээр хөгжил дэвшил авчирсан том бүтээн байгуулалт. Бидний өнөөдрийг хүртэлх зам үргэлж дардан байсангүй. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд чамгүй сорилт бэрхшээлийг даван туулж ирлээ. Зам, цахилгаан зэрэг дэд бүтэц хөгжөөгүй, алслагдмал газар, Монголын говьд, тэр тусмаа газрын гүнд ярвигтай, далайцтай том төслийг хэрэгжүүлэхэд амаргүй байсан. Төслийн бүхий л үе шатанд урьдчилан тооцоолоог үй хүндрэл, бэрхшээлүүд үүссэн.

Тулгарсан элдэв бэрхшээл, хүндрэлийг шийдвэрлэхдээ бид байж болох бүхий л  боломжит арга замыг эрэлхийлэн бүх талын ашиг сонирхлыг дээд зэргээр хангасан шийдвэр гаргахыг эрмэлзэж ирлээ. Гэсэн хэдий ч хамтрагч талуудын хүлээлт, үүсээд байгаа нөхцөл бидний харилцаанд сөргөөр нөлөөлж буйг ойлгон хүлээн авч, уучлалт хүссэн нь үнэн. Үнэндээ бид нөхцөл байдлын талаар шалтаг тоочоод суугаад байхыг хүссэнгүй.

Аль болох ажлаа хурдан шуурхай урагшлуулъя, асуудлаа шийдье, хамтарч ажиллая гэсэн санал хүргүүлсэн. Хамгийн гол нь хамтрагчийн хувиар бид нэг л завин дээр яваа гэдгээ санаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэн, гүний уурхайн бүтээн байгуулалтаа гүйцээн, олборлолтоо эхлүүлэх хэрэгтэй байгаа юм. Үүний төлөө бид шаргуу ажиллаж, үе үеийн Засгийн газартай урт хугацаанд түншилж ажиллахаар чармайж ирсний хувьд хамтдаа асуудлаа шийдэн гүний уурхайн төслөө урагшлуулахыг л хүсэж байна.

-“Рио тинто”-гоос нэг их наяд төгрөг санал болгосон нь нэг талаас хардлага дагуулж байгаа. Нөгөө талаас “уучлаарай” гэж хэлсэн үгээ баталгаажууллаа гэж зарим хүн тайлбарлаж байна. Та бүхэн яагаад ийм шийдэлд хүрсэн бэ?

-Монгол Улсын эдийн засаг, тэр дундаа цар тахлын энэ хүнд үеийг амжилттай даван туулахад “Оюутолгой” төслийн оруулсан үр нөлөө их. Үүнийг ч хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтэд онцолсон.

Гүний уурхайн үйлдвэрлэл хойшилсон нь цар тахлын хүндрэлийн эгзэгтэй үед таарч байна. Үүнтэй холбогдуулан ирэх гурван жилийн хугацаанд татвар, АМНАТ-өөс гадна нэг их наяд төгрөгийг улсын төсөвт нэмэлт орлого болгон оруулах санал дэвшүүлсэн.

Цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөөллөөс ангижрахад улсын эдийн засагт амь тариа болох чухал төслүүдийг дэмжиж, улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдэхэд энэхүү нэмэлт орлогын эх үүсвэр дэмжлэг болно гэж найдаж байна.

Мөн монголчуудын хүртэх үр өгөөж, ногдол ашиг хугацааг наашлуулах арга зам, “Эрдэнэс Оюутолгой”-н хөрөнгө оруулалтад ногдох, хуримтлагдсан байсан зээлийн эрсдэлийг бууруулах саналыг ажлын хэсэгтэй хамтран судалъя гэсэн санал хүргүүлсэн.

-Засгийн газраас есдүгээр сард багтаж гүний уурхайн ажлыг эхлүүлэхийг шаардаж байгаа гэж байсан. Аль ч талаас төслийг урагшлуулах сонирхолтой байгаа юм байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг гүйцээхэд өөр ямар саад бэрхшээл тулгарч байна вэ?

-Бидэнд өнөөдөр ярилцаж, хэлэлцэж байгаа цаг мөч бүхэн үнэ цэнтэй байна. Энэ есдүгээр сард багтаж гүний уурхайн огтлох малтлага буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүл гэж Засгийн газар шаардаж байгаа.

Уул уурхайн салбарын супер цикл эхэлсэн, түүхий эдийн, тэр дундаа зэсийн үнэ өндөр байгаа таваарын зах зээлийн таатай нөхцөл биднийг хүлээхгүй. Одоо яриа хэлэлцээгээ бүтээлч, үр дүнтэй, шуурхай хийж чадвал хугацаа алдалгүй, гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Бүтээн байгуулалтын ажил төгсгөлийн шатандаа орсон. Одоогоор 90 хувьтай явж байна. Үр дүнгээ үзэхэд тун ойрхон ирлээ.

Зүйрлэж хэлбэл, бид байшингаа бариад дуусчихсан, одоо дотоод заслын ажлаа л дуусгах үлдээд байна. Ингэхийн тулд нэгдүгээрт, “Оюутолгой”-г тогтвортой, найдвартай, тасралтгүй эрчим хүчний эх үүсвэрээр хангах зайлшгүй шаардлагатай. Энэ талаар Эрчим хүчний яамтай зөвшилцөлд хүрэхээр ажиллаж байна. Хоёрдугаарт, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс хэд хэдэн чухал зөвшөөрөл хүлээгдэж байгаа.

Мөн гүний уурхайн бүтээн байгуулалтыг дуусгаж ашиглалтад оруулахад шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл батлах хэрэгтэй. Эдгээр асуудлыг шийдвэрлэвэл гүний уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эхлүүлэх нөхцөл бүрдэж, тогтвортой ажиллах боломж бүрдэх юм.

-Нэмэлт хөрөнгө оруулалт гэдэг нь нөгөө зардал хэтэрсэн гээд байгаа 1.4 тэрбум ам.долларын тухай асуудал уу. Энэ мөнгө, хөрөнгийг хаанаас гаргах вэ. Яагаад энэ зардлын хэтрэлтийг нэмэлт хөрөнгө оруулалт гэж яриад байна вэ?

-Зоос хоёр талтай байдаг шиг аль өнцгөөс харж тайлбарлаж байгаагаас шалтгаална. Бизнесийн утгаар нь харвал 1.4 тэрбум ам.доллар гэдэг бол манай улсад орж ирэх гээд хаалган дээр хүлээж байгаа нэмэлт хөрөнгө оруулалт юм. Энэ хөрөнгө оруулалт Монголд орж ирвэл улсын төсөвт 200 гаруй сая ам.долларын нэмэлт татварын орлого бүрдүүлнэ.

Шулуухан хэлэхэд, 1.4 тэрбум ам.доллар жижиг эдийн засагтай манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө шүү дээ.

Энэ хөрөнгө оруулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг “Оюутолгой” компанийн ТУЗ-өөр батлуулах ажил хүлээгдэж байгаа. Мөн сар орчмын өмнө “Оюутолгой” төслийн зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон талаар гаргасан хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтийг бид хүлээн авсан. Уг дүгнэлтэд бидний санал нийлэх зүйл байгаа ч нийлэхгүй асуудлууд ч бас бий.

Бидний зүгээс төслийн зардал хэтэрсэнд бүх хувь нийлүүлэгчийн адил харамсаж байна. “Рио тинто” Лондон, Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, нээлттэй компанийн хувиар “Оюутолгой” төслийн зардал хэтрэх, хугацаа хойшлох нь тодорхой болсон даруйд буюу 2018 онд анх мэдмэгцээ ил тод тайлагнаж, олон нийтэд тогтмол мэдээлж ирсэн.

Одоо харилцан ойлголцолд хүрч гүний уурхайгаа хурдан ашиглалтад оруулж, огтлох малтлага буюу үйлдвэрлэлийн үйл ажиллагааг даруй эхлүүлэх бэлтгэл ажлыг шуурхайлах тал дээр талууд санал нэгдэж, холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах хэрэгтэй байна.

-Эв зүйгээ ололцъё гэсэн саналаас “салхи” нааштайгаар эргэжээ гэж ойлголоо. Мөн хэлэлцээрийн ширээний ард удахгүй суух юм байна гэж ойлгосон. Одоо цаашдын алхам юу байх вэ. Хоёр тал харилцан асуудлаа цэгцлээд, дараа дараагийн ажлуудаа эхлүүллээ гэхэд гүний уурхайг яг хэзээ ажиллуулж эхлэх вэ?

-“Оюутолгой”-н хувь нийлүүлэгчид төслөө урагшлуулах, гүний уурхайг ойрын хугацаанд ашиглалтад оруулах нэгдсэн байр суурьтай байгаа. “Рио тинто” группийн зүгээс саналаа хүргүүлсэн ойрын хугацаанд хэлэлцээгээ үргэлжлүүлж, нарийвчилсан тохиролцоонд хүрч, аливаа асуудлыг яриа хэлэлцээний журмаар, харилцан ашигтай байдлаар үр дүнд хүрнэ гэж итгэж байна.

Ард иргэдийнхээ төлөө “Оюутолгой”-гоос илүү их үр өгөөж хүртэхээр хичээж ирсэн үе үеийн Засгийн газар, ажлын хэсгийнхний хичээл зүтгэл, хүсэл эрмэлзлийг бид талархан хүлээн авч, түншлэлээ бэхжүүлж, хамтран ажиллахад бэлэн.

 

Эх сурвалж: "Өнөөдөр" сонин, Т.Энхбат