Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/08-НД НИЙТЛЭГДСЭН

Парис хотын төвөөс 10 сая еврогийн үнэт эдлэл дээрэмджээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2021 оны 9 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Парис хотын төвд орших Вандомын талбайн Bulgari брэндийн дэлгүүрээс хэсэг этгээд 10 сая еврогийн үнэт эдлэл дээрэмдээд зугтжээ.

Дээрэмчдийн араас хөөцөлдсөн цагдаа нар хоёр этгээдийг баривчилж чадсан байна.

Өчигдөр үдээс өмнө зэвсэглэсэн гурван этгээд дэлгүүрээс үнэт эдлэл дээрэмдсэнийхээ дараа саарал өнгийн BMW автомашинаар зугтжээ. Тэднийг хамгаалахаар мотоцикльтой дөрвөн этгээд дагалдсан байна.

Хоёр километрийн зайд холдоод байхад нь цагдаа нар автомашин руу гал нээж зогсоожээ. Энэ үеэр гэмт этгээдүүд явган зугтаасан ч хоёр нь баригдсан байна.

“Парисын цагдаа шуурхай ажилласны үр дүнд Вандомын талбай дахь дэлгүүрийг дээрэмдсэн хоёр этгээдийг баривчиллаа. Бусад этгээдүүдийг эрэн сурвалжилж байна” гэж цагдаагийн газар мэдэгджээ.

Bulgari нь Италийн үнэт эдлэлийн алдартай брэнд юм. Одоо тус брэндийг Францын LVMH групп эзэмшдэг.

Сүүлийн үед Парисын тансаг бараа бүтээгдэхүүний дэлгүүрүүд дээрмийн халдлагад өртөх явдал нэмэгдсэн нь иргэдийн санааг зовоож, 2022 оны Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөгчдийн анхаарлын төвд хүртэл ороод байгаа.

Долдугаар сарын 27-нд мотоцикль хөлөглөсөн нэг этгээд Chaumet брэндийн дэлгүүрээс 2 саяын үнэ бүхий эдлэл дээрэмдээд зугтаж байв. Маргааш нь уг этгээд баривчлагдаж, алдагдсан ихэнх эдлэлийг буцааж хураасан байна.

Үүнээс гурван өдрийн дараа Dinh Van брэндийн дэлгүүрт зэвсэглэсэн хоёр этгээд халдаж, 400,000 еврогийн үнэт эдлэл дээрэмдэж байжээ.

Өчигдөр дээрэм гарсан Вандомын талбай нь Францын тансаг эдлэлийн худалдааны гол төвд тооцогддог. Энд Chanel, Boucheron, Van Cleef & Arpels зэрэг алдартай үйлдвэрлэгчдийн дэлгүүрүүд зэрэгцэн оршдог байна.

 

Эх сурвалж: AFP