Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/09/02-НД НИЙТЛЭГДСЭН

"Сант" сургуулийн сурагчид Олон Улсын Физикийн Олимпиадын медалиа гардан авлаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2021 оны 9 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Олон Улсын Физикийн 51 дүгээр олимпиадад оролцож, амжилт гаргасан сурагчдын медаль хичээлийн шинэ жилийн эхний өдөр Литва улсаас иржээ.

Тус олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлж таван сурагч амжилттай оролцсоноос "Сант" сургуулийн дөрвөн сурагч шагналт байр болон медаль хүртсэн юм.

Тодруулбал, тус сургуулийн сурагч

  • О.Анирчулуу - Хүрэл медаль,
  • Б.Билгүүн  - Хүрэл медаль,
  • Э.Барсболд - Шагналт байр,
  • Б.Тэмүүлэн - Шагналт байр тус тус эзэлсэнТэдгээр сурагчдын медаль, шагналыг өчигдөр гардууллаа.
 "Сурагчид маань олон улсын олимпиадуудад жил бүр эх орноо төлөөлж амжилттай оролцдог"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ үеэр "Сант" сургуулийн захирал З.Энхмөнх "Өнгөрсөн хугацаанд сурагчид маань цар тахлын нөхцөл байдлын улмаас танхимаар хичээллэж чадаагүй ч олон улсын тэмцээн, уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцож, өндөр амжилт гаргалаа" хэмээн онцлов.

"Сант" сургуулийн сурагчид энэ жил олон улсын олимпиадуудаас 1 алт, 2 мөнгө, 3 хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

Олон улсын физикийн 51 дүгээр олимпиадад амжилттай оролцсон сурагчдаас сэтгэгдлийг нь сонслоо.

"Олон улсын физикийн олимпиадад анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэндээ баяртай байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Сант" сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Анирчулуу "Би Олон улсын физикийн олимпиадад анх удаа оролцоод хүрэл медаль хүртсэндээ баяртай байна.

Миний хувьд анх зургаадугаар ангиасаа физикийн олимпиадын бэлтгэлд хамрагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, манай сургууль сурагчдыг зургаадугаар ангиас нь эхлэн өөрийн сонирхлынх нь дагуу олон улсын олимпиад, тэмцээнд бэлтгэж, гүнзгийрүүлэн заадаг.

Онлайнаар болсон тус олимпиадад эх орноосоо оролцсон учраас сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван байлаа. Энэ нь миний гаргасан амжилтад нөлөөлсөн гэж бодож байна" хэмээн ярилаа.

"Олон Улсын Физикийн олимпиадад Монголоо төлөөлж оролцсондоо туйлын их баяртай байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Барсболд "Уг олимпиадад би Монгол Улсаа төлөөлөн оролцсондоо туйлын их баяртай байна.

Олон Улсын Физикийн 51 дүгээр олимпиад бол миний оролцсон гурав дахь удаагийн олон улсын хэмжээний олимпиад байсан.

Цар тахлын улмаас энэ жил олон улсын олимпиадууд онлайнаар зохион байгуулагдсанаараа онцлогтой. Тиймээс эх орноосоо оролцох боломж бүрдсэн тул сэтгэл санааны хувьд тайван, цагийн зөрүүгүй байсан нь давуу тал боллоо" гэж сэтгэгдлээ хуваалцав.

"Зургаадугаар ангиасаа хойш хувийн бэлтгэлээ сайтар базаасаар байсан"
 
Гэрэл зургийг Mpa.mn

"Сант" сургуулийн 12 дугаар ангийн сурагч Б.Билгүүн "Би дунд ангиасаа эхлэн шинжлэх ухааныг илүү сонирхож, физикийн хичээлд дуртай болсон. 

Олон улсын Физикийн 51 дүгээр олимпиад миний оролцсон тэмцээнүүдээс хамгийн том нь гэж хэлж болохоор учраас медаль хүртсэндээ маш их баяртай байгаа.

Тус олимпиадад оролцохын тулд би зургаадугаар ангиасаа хойш хувийн бэлтгэлээ сайтар базаасан. Мөн сүүлд 3-4 сарын хугацаанд тасралтгүй багш нартайгаа бэлдсэн.

Цаашид физиктэй холбоотой чиглэлийн мэргэжил сонгон суралцана гэж боддог. Гэхдээ аль салбар вэ гэдгээ хараахан шийдээгүй" гэсэн юм.

Шагналыг Монгол улсын физикийн багийг удирдаж оролцсон МУИС-ийн Физикийн тэнхимийн багш Г.Мөнхбаяр, Монгол Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат нар гардуулав.

Мөн 2023 онд Ерөнхийлөгчийн ивээл дор Монголд зохион байгуулагдах Азийн физикийн олимпиадын бэлтгэлд багууд орсон гэдгийг Монгол Улсын физикийн олимпиадын хорооны дарга М.Ганбат онцоллоо.

Гэрэл зургийг Mpa.mn

 
Гэрэл зургийг Mpa.mn

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.