Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/08/16-НД НИЙТЛЭГДСЭН

Латви улсын иргэн компанийнхаа дансаар 13 улсаас ₮24.5 тэрбумыг авсан даруйдаа ₮7.8 тэрбумыг нь 11 улс руу шилжүүлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2021 оны 8 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн байгууллагаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Гаднын хөрөнгө оруулалттай компани Монголд үйл ажиллагаа явуулах гэхээр цагдаагийн байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулж хөрөнгийг нь царцаадаг гэдэг мэдээлэл гарах боллоо. Энэ асуудал дээр Эрүүгийн цагдаагийн албанаас тайлбар өгнө” гэв.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ж.Билгүүтэй “Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын хөрөнгө оруулалттай “Або плус” компанийн дансаар их хэмжээний валют орж ирсэн мэдээллийн дагуу ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй албанаас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Тухайн компани нь 2018 онд үүсгэн байгуулагдсанаас хойш тодорхой үйл ажиллагаа явуулаагүй атал 2018 оны дөрөвдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын хооронд нэр бүхий арилжааны банкуудаар дамжуулан ОХУ, Болгар, Казахстан, Узбекстан, Украйн зэрэг нийт 13 улсаас олон удаагийн давтамжтайгаар 4.6 сая евро, 3.9 сая ам.доллар буюу нийт 24.5 тэрбум төгрөгийг шилжүүлэн авсан. Тухайн мөнгийг оруулж ирсэн даруйдаа 1.7 сая евро, 3 сая ам.доллар буюу 7.8 тэрбум төгрөгийг БНХАУ, БНСУ, Латви зэрэг гадаадын 11 улс руу шилжүүлсэн нь тогтоогдсон. Уг үйлдлийг мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэн тухайн компанийн арилжааны банкуудад эзэмшдэг данснаас гадаад улсууд руу шилжүүлэхээр захиалга өгөөд байсан 10 орчим тэрбум төгрөгийг прокурорын зөвшөөрлөөр 2020 оны нэгдүгээр сарын 23-нд хязгаарлалт тогтоосон.

Тус компанийг Латви улсын иргэн үүсгэн байгуулсан бөгөөд гадаад худалдаа, барилгын материалын худалдаа эрхэлнэ гэж бүртгүүлсэн байдаг. Тухайн иргэн Монгол Улсаар дамжуулан их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь тогтоогдсон. Дээрх иргэн 2019 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш орж ирээгүй байна.

Уг хэрэгтэй холбоотойгоор мөнгөн гүйлгээний эх үүсвэрийг тогтоох зорилгоор Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу долоон улс орон руу хүсэлтээ илгээснээс гурваас нь хариу ирээд байна" гэв.