Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Монголыг Чингис хаанаар илэрхийлсэн Өмнөд Солонгосын телевиз Украиныг Чернобылээр илэрхийлснийхээ төлөө уучлал гуйв

Т.Давааням, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Токио 2020 зуны олимпын наадмын нээлтийн ёслолыг шууд дамжуулахдаа Өмнөд Солонгосын MBC телевизийн суваг улс орнуудын тамирчдын жагсаалыг гарах үеэр тухайн улс бүрийн онцлогийг илэрхийлсэн гэрэл зургийг давхар үзүүлжээ.

 Тухайлбал тэд Монголын баг тамирчдыг стадионд орж ирэх үед Чингис хааны хөргийг дэлгэцийн нэг буланд үзүүлсэн байна.

Британичуудыг жагсахад Хатан хааны хөрөг, Италичуудыг жагсахад пицца, Норвегийн тамирчдыг жагсахад салмон загас, биткоиныг анх удаа төлбөрийн хэрэгсэл болгосон Эль Сальвадорын тамирчдыг жагсахад биткоины тэмдэгийг үзүүлжээ.

Гэхдээ зарим улсуудыг ингэж харуулахдаа үзүүлсэн зураг нь маргаан, шүүмжлэл дагуулсан байна. Тухайлбал Украины тамирчдын жагсаалын үеэр цөмийн гамшиг болсон Чернобылийн станцын зургийг, Хайти улсын багийг жагсахад бослого үймээний зургийг үзүүлжээ.

Хайти улсад саяхан зэвсэгт этгээдүүд ерөнхийлөгчийнх нь амийг хөнөөсөн билээ.

Мөн Сирийн тамирчдыг жагсахад “10 жил иргэний дайн болж байгаа орон” гэж тайлбарласан байна.

Сошиал сүлжээнд дээрх орнуудын иргэд хүчтэй шүүмжилж эхэлсэн тул

Бямба гарагт MBC телевизийн суваг албан ёсоор уучлалт гуйсан байна. “Шууд дамжуулалтын үеэр зохимжгүй зураг дүрслэл ашигласныхаа төлөө Украин болон бусад улс орнуудаас, нийт үзэгчдээсээ уучлал гуйж байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эх сурвалж: The Guardian