Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2021/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сингапурт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын дөрөвний гурав нь вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс байна

Э.Сэмүүн, ikon.mn
2021 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн нэг сарын хугацаанд Сингапур хот улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын тохиолдлуудын дөрөвний гурав нь вакцинжуулалтад хамрагдсан хүмүүс байсныг тус улсын засгийн газар Бямба гарагт мэдээлжээ.

Гэхдээ тэдний дунд өвчний хүндрэл цөөн байсан нь вакцинжуулалтын нөлөө гэж дүгнэсэн байна.

Тухайлбал өнгөрсөн хугацаанд бүртгэгдсэн 1,096 шинэ тохиолдлын 484 нь буюу 44 хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүс байсан бол 30 хувь нь вакцины эхний тунгаа тариулсан, 25 гаруй хувь нь огт вакцин тариулаагүй хүмүүс байжээ.

Тэдгээрээс найман тохиолдлын өвчин хүндэрч, эмнэлэгт хэвтсэн байна. Эдгээр наймын дотор вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүн байгаагүйг Сингапурын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

“Халдвар авсан тохиолдолд вакцин хүндээр өвчлүүлдэггүй нь улам бүр батлагдаж байна” гэж тус яамны мэдэгдэлд өгүүлсэн байна. Вакцинжуулалтад бүрэн хамрагдсан хүмүүсээс өвчний шинж тэмдэг огт илрэхгүй, эсвэл хөнгөн хэлбэрээр илэрч байгааг бас мэдээлжээ.

“Сингапурын иргэд вакцинжуулалтад хамрагдах тусам тэдний дунд халдвар нэмэгдэхийг бид цаашдаа харах болно. Гэхдээ үүнийг вакцинжуулалтад хамрагдаагүй үлдсэн хүмүүсийн өвчлөлийн түвшинтэй харьцуулж харах нь чухал. Сингапурын иргэд 100 хувь вакцинжуулалтад хамрагдаж чадвал бүх халдварын тохиолдол вакцин тариулсан хүмүүсээс илэрнэ гэсэн үг” гэж Сингапурын Үндэсний Их сургуулийн нийтийн эрүүл мэндийн сургуулийн захирал Тео Ик Инг ярьж байна.

Тус хот улс одоогоор 5.7 сая хүн амынхаа 75 орчим хувийг вакцинжуулалтад хамруулаад байгаа нь дэлхийд зөвхөн Арабын Нэгдсэн Эмират Улсын дараа орох өндөр үзүүлэлт юм.

Хүн амын тал хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдаад байна.

Вакцинжуулалтын хувь өндөр улс орнууд одоо нас баралт, өвчний хүндрэлийг аль болох бага байлгахад анхаарч, Covid-19-тэй зэрэгцэн амьдрахад бэлдэж байгаа юм.

Вакцинжуулалтад хамрагдсан боловч сүүлийн 14 хоногийн хугацаанд халдвар авсан хүмүүсийн 88 хувь нь 61-ээс дээш насныхан байсныг Сингапурын эрүүл мэндийн яамны тоо баримт харуулж байна.

Хэдийгээр вакцин тариулсан ч өндөр настнууд, эрсдэлтэй бүлгийнхэнд эрүүл, залуу хүмүүстэй харьцуулахад дархлаа сул тогтдогийг эндээс харж болохоор байгаа юм.

Сингапур улс хүн амынхаа дархлаажуулалтад Pfizer, Moderna компаниудын вакциныг ашиглаж байгаа.

Өнгөрч буй долоо хоногт тус улсад нэг өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдол сүүлийн 11 сарын хугацааны дээд хэмжээнд хүрсэн юм. Гэхдээ цар тахлын оргил үед өдөрт 1,000 гаруй тохиолдол бүртгэгдэж байсантай харьцуулбал энэ удаа 200 хүрэхгүй хэмжээнд хэлбэлзэж байна.

 

Эх сурвалж: Reuters